Үндсэн хууль өөрчлөхөд амаргүй, өндөр босготой баримт бичиг байсан цаг түүх болжээ. Уг нь улсын хууль, эрх зүйн гол тулгуур болсон эл бичиг баримтад парламентын нийт гишүүний дөрөвний гурвын саналаар л өөрчлөлт оруулах босго байдаг. Гэвч сүүлийн хоёр парламентад МАН үнэмлэхүй олонх болсноор ийм эрх мэдэл гарт нь орсон юм. Улмаар Үндсэн хуульд сүүлийн дөрвөн жилд гурвантаа “гар хүрэв”. Ингээд ч ханасангүй. Удахгүй дахин өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй аж. Анх удаа 126 гишүүн сонгосон өнөөдрийн парламентад тус намынхан олонх болж, 68 суудал авсан. Хэдийгээр дангаараа Засгийн газар байгуулах хангалттай боломж бүрдсэн ч тэд АН, ХҮН намынхныг урьсан юм. Үүний ард өрнөсөн тохиролцоонуудын нэг нь Үндсэн хуульд ахин өөрчлөлт оруулах явдал байжээ. Өөрөөр хэлбэл, тэд хамтраад үнэмлэхүй олонх болж, нийт гишүүний дөрөвний гурвын босгыг бүрдүүлчихэж буй юм. Сөрөг хүчин болж үлдсэн Үндэсний эвсэл, ИЗНН-ын найман гишүүн үнэндээ яаж ч “орилоод” цуурай нь ч сонсогдохгүй.
27 ГИШҮҮН БУС, ХАМТАРСАН ТОХИРОЛЦОО ЧУХАЛ БАЙВ
УИХ-ын 126 гишүүний дөрөвний гурвын дэмжлэгээр аливаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батална. Энэ бол 95 гишүүний дэмжлэг гэсэн үг. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН-ынханд Үндсэн хуульд дур зоргоороо өөрчлөлт хийхэд нь 27 хүний санал дутаж байна. Гэхдээ зөвхөн уг тооны босгыг хангахыг л зорьсон бол тэдэнд 42 суудалтай АН-тай эвсэхэд хангалттай байх юм. Тэдний зорилго зөвхөн өөрчлөлт хийх босгыг хангах хүмүүс “элсүүлснээр” зогссонгүй. Гол нь энэ бүхний ард “ах” нарын тохиролцоо, тооцоо өрнөж байсан аж. Үүндээ бусад намаа татан оролцуулж, амыг нь хамхих хэрэгтэй. Сөрөх хүчингүй, шүүмжлэх хүнгүй болгох нь чухал байжээ. Тэгээд санасандаа ч хүрсэн байна. Найман гишүүнтэй болсон ХҮН намынхан эрх мэдлийн төлөө дуртайяа хамтрав. Найман жил гудамжинд “лааз өшиглөсөн” АН-ынхан ч эрх мэдэл, албан тушаалаар “цангаж” байсан нь мэдээж. “Улс орны хөгжлийн томоохон төслүүдээ урагшлуулахын тулд хамтарч ажиллах ёстой” гэсэн гоё тайлбараар халхавчлаад эрх мэдэл, бас хариуцлагаа хуваах гэж хамтарсан Засгийн газар байгуулсныг бүгд л ойлгож буй. Гэхдээ тэр эрх мэдэл нь Үндсэн хууль руу чиглэж, бараг тогтолцооны өөрчлөлт авчрах хэмжээний том байх тухай олон хүн мэдээгүй явжээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ УЛИРААН СОНГОДОГ БОЛГОНО
Хамтарсан Засгийн газар байгуулахдаа эдгээр намынхан Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулж, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “хэмжээгүй эрхт хаан” болгох зохицуулалт хийхээр тохиролцсон гэнэ. Уг нь 2019 онд хийсэн өөрчлөлтөөр МАН-ынхан Үндсэн хуульд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул
иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээх заалт оруулсан юм. Үүнээс хоёр жилийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсныг уншигчид санаж буй. “Ковид”-ын халдвар авсан гэх, дөнгөж төрсөн эмэгтэйг өвлийн хүйтэнд нярайтай нь хамт халаад, гэрийн шаахайтай нь ХӨСҮТ рүү зөөвөрлөсөн гэдэг шалтгаанаар л У.Хүрэлсүх Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорсон. Уг асуудлыг чуулганаар хэлэлцэх үеэр тэрбээр үг хэлэхдээ удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө далд утгаар зарласан юм даг. Дөрөв биш, зургаан жилээр түүнийг сонгохоор ийнхүү хоёр жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, “хөрс”-ийг нь бэлдсэн болж таарав. Гэтэл Ерөнхийлөгчөөр ажиллаад эхэлтэл энэ хугацаа нь чамлалттай санагдсан бололтой. Ингээд ээлжит сонгуулийн жил эхлэхээс урьтаж МАН-ынхан “зохиол”-оо бичжээ. Хамтарч Засгийн газар байгуулаад, дараа нь Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг улираан сонгож болох өөрчлөлт оруулах гэж буй аж. Олон нийтийн зүгээс шүүмжлэл ирвэл “Бид дангаар биш, АН, ХҮН намтай хамтарч шийдсэн шүү дээ” гээд сууж байх нь.
Ерөнхийлөгч бол бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн хэмээн Үндсэн хуульд заасан байдаг. Хэдийгээр парламентад суудалтай намуудаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг ч бүх ард түмний саналаар сонгож гаргадаг ганц албан тушаал нь энэ юм. Тэгвэл эл зохицуулалтыг цуцалж, Төрийн тэргүүнийг парламентаас сонгодог болгох хувилбарыг ярьж буй сурагтай. Ингэвэл хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах зардлыг хэмнэх ч бүх ард түмний бус, нэг намын эрх ашгийг хангасан албан тушаалтан болох замыг нэг мөр засна. Хэдийгээр одоо ч Ерөнхийлөгч намын харьяаллаасаа “зууралдсаар” байдаг ч эрх биш Үндсэн хуульд заасан бүх ард түмний эв нэгдлийг хадгалах үүрэгтээ баригддаг. Тэгвэл үүнийг үгүй болговол юу болох вэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч уг хувилбарыг дэмжихгүй байгаа гэнэ. Тэрбээр бүх ард түмний саналаар улиран сонгогдохыг нэр төрийн хэрэг гэж үзжээ. Бас дахин нэр дэвших хууль, эрх зүйн боломжийг нь нээгээд өгчихвөл иргэд өөрийг нь сонгоно гэдэгт итгэлтэй байгаа бололтой юм.
МАН-ЫГ У.ХҮРЭЛСҮХ, АН-ЫГ Х.БАТТУЛГА
АН-ын албан ёсны дарга нь Л.Гантөмөр хэдий ч хөшигний араас бүх удирдлагыг Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга атгадаг гэдэг. Тус намын 15 дэд даргын 50 хувьд нь түүний хүмүүсийг томилсон. Мөн эдүгээ өрнөж буй нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч 45 хүний 30-ийг түүний “баг” бүрдүүлсэн хэмээн мэдээлж байна. Тэрбээр намынхаа бүх шатанд өөрийн хүмүүсээ “байршуулж”, эрх мэдлээ тэлж буй юм. Тэгвэл нөгөө талд нь, МАН-д энэ “үүрэг”-ийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гүйцэтгэх болжээ. Тэр мөн л удирдах, эрх мэдэлтэй албан тушаалуудад өөрийн хүмүүсээ томилуулж, барьцаа чангалж буй гэнэ. Л.Оюун-Эрдэнийн танхимд ч түүний хүмүүс бий. Мөн МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүнээр энэ сарын дундуур Б.Пүрэвдагва хэмээх залууг сонгосон. Түүнийг ч мөн Төрийн тэргүүний талын хүн гэдэг аж. Түүнчлэн МАН-ын генсекээр Я.Содбаатар ажиллаж байна. Тэд хэдийнээс нэг тал байсан юм. Энэ мэтээр нам болон Засгийн газарт байр сууриа ахиулж буй нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг саадгүй хийж, өөртөө эрх мэдлийн зам засах гэсэн төлөвлөгөөтэй нь холбоотой биз. Нөгөө талаар түүний нөлөө намд нь нэмэгдэхийн хэрээр хүрээлэгчид, дэмжигчид өснө. Ингээд л илүү эрх мэдэл рүү тэмүүлж буй хэрэг. Эхлээд бүрэн эрхийнхээ хугацааг сунгана, тэгээд улирах боломжоо нээнэ, улмаар эрх мэдлээ нэмнэ. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин Төрийн тэргүүний сонгуульд өрсөлддөг болгох зохицуулалт УИХ-ын гишүүн Х.Баттулгын эрх ашигт ч мөн гайхалтай нийцнэ. Тэрбээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин нэр дэвших боломжийн төлөө чадах бүхнээ хийж, санаархаж явааг эх сурвалж өгүүлэв. АН-ынхан Засгийн газарт хамтрах шийдвэрийг голлон гаргасан хүн бол намаа “атгасан” Х.Баттулга байсан нь мэдээж. У.Хүрэлсүх болон Х.Баттулгын ашиг сонирхол үүн дээр огтлолцож буй, тэдний хэн хэн нь дахин сонгогдох хүсэлтэй байгаа. Бас ирээдүйд бүх юмны дарга, “дарангуйлагч” болох замаа хөшигний ард засаж явна. Тэдэнд дахин “хүрд эргүүлэх” боломжийг эл зохицуулалт олгох учраас тэр. Эд нэг тал уу, эсвэл зөвхөн эрх ашиг дээрээ хамтардаг өрсөлдөгчид үү. Чухам аль нь болохыг цаг хугацаа харуулах биз ээ.
Монгол Улс 1992 онд анхны ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 1999 онд нэг удаа хэл амтайхан өөрчлөлт оруулсан юм. Олон улсын жишигт ч Үндсэн хуулийг 20 жилд нэг удаа өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй гэж үздэг. Манай улс ч үүний дагуу 2019 онд 20 жилийн дараа сая нэг өөрчлөлт оруулсан юм. Энэ хооронд гурван ч удаа нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьсан ч батлах нь байтугай хэлэлцэж чадаагүй. Ийм л өндөр босготой, дурын улс төрийн хүчин хүслээрээ өөрчлөөд байдаггүй “дархан” хууль байлаа. Харин нэг намыг үнэмлэхүй олонхоор хоёр удаа дараалан сонгосны гороор тэд Үндсэн хуулийг хүссэнээрээ өөрчлөх эрх мэдлийг “атгах” болжээ. Эрх чөлөөгөө тунхаглан баталгаажуулсан гол хуулиа хүссэн үедээ өөрчилдөг болсон учир ардчиллын үнэт зүйлийг хадгалж үлдэх ч хэцүү болж буй юм. Дарангуйлагчид ийм л замаар төрдөг гэдэг. Төв Азид орших Туркменистан улс ЗХУ-аас салан тусгаарласны дараа Сапармурат Ниязов 1992 оноос 2006 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажилласан байдаг. Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас тус улсыг “Дэлхийн хамгийн дарангуйлсан дэглэмтэй улс” хэмээн тодорхойлсон нь бий. Тэрбээр парламентаасаа шийдвэр гаргуулан, өөрийгөө “насан туршийн Ерөнхийлөгч” хэмээн цоллуулж, нэг хүний дэглэм тогтоосон юм билээ. Өөрт нь таалагддаггүй учраас залууст сахал тавихыг болон балет тоглохыг хориглож, нийслэлээсээ бусад газарт эмнэлгүүдийг хаахаас эхлээд хачирхалтай шийдвэр гаргаж, иргэдийнхээ амьдралыг хянадаг, дарангуйлагч байсан. Тус улс өнөөдөр Ерөнхийлөгчийн засаглалтай. Нэг хүнд эрх мэдэл өгсний горыг ард түмэн нь үргэлжлүүлэн амсаж яваа. Эрх мэдлийн төлөө нэг хүнд зориулан хууль, эрх зүйн орчноо өөрчилж, түүнийг “хөөргөсний” горыг бид удахгүй амсаж, дээрх улсын жишгээр орчих вий. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэх, улираан сонгодог болохтой холбоотой уг өөрчлөлтийг ирэх онд хийх сураг байна. Хэдийгээр дээгүүрээ нэгдсэн ч АН дотор эрүүл ухаантай, ардчиллынхаа үнэт зүйлийг хамгаалан дуугарах цөөн боловч гишүүн үлдсэн гэж найдъя.