Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо өнгөрсөн нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлт үүссэн. Дэлбэрэлтийн улмаас хамгийн их хохирол амссан нь тухайн хэсэг дэх 207 дугаар байрны 63 өрхийн 218 оршин суугч. Тус байрыг ашиглах боломжгүй гэж үзэн битүүмжилсэн тул оршин суугчид өдий хүртэл түрээсийн орон сууцад амьдарч байна. Тэд өнгөрсөн найман сарын хугацаанд байраа хүчитгэх үү, нураалгах уу гэдгээ шийдүүлэхээр төрийн шат шатны байгууллагад хандсан боловч албаныхан тодорхой хариу өгөлгүй өдий хүрсэн юм.
Оршин суугчдын тухайд байраа нураалгахгүй, нэн даруй хүчитгэн засуулах хүсэлтэй гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Гэтэл нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр саяхан уг асуудлыг хэлэлцээд, байрыг нурааж, шинээр барих шийдэлд хүрсэн гэнэ. Гэхдээ 207 дугаар байрны оршин суугчдын саналд үндэслэн эцсийн шийдвэрийг гаргах аж. Тодруулбал, 63 өрхөөс байрыг нураахад татгалзах зүйлгүй гэсэн бичиг баримт болон гарын үсгийг цуглуулсны дараа барилгыг өмнөх зургаар нь барина гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “попорч”, газар дээр нь очин зургаа авхуулж, дүрс бичлэг хийлгээд ч амжжээ. Ийм бичиг баримт бүрдмэгц 207 дугаар байрыг нураах тендер зарлаж, ажлын 21 хоногт багтаан сонгон шалгаруулалт явуулах гэнэ.
“Тендерийн төсөвт өртөг 2.4 тэрбум төгрөг байна гэж Барилгын хөгжлийн төвөөс магадалсан. Таны орон сууц ипотекийн зээлтэй бол бид банканд энэ барилгыг 2025 он гэхэд шинээр барьж, айлуудад хүлээлгэж өгнө гэсэн агуулгатай албан бичиг хүргүүлнэ. Байрыг нураахдаа эргэн тойрны бусад барилгад сөрөг нөлөө үзүүлэхгүй. Дээд хэсгээс нь эхлүүлээд давхар бүрээр нь нураах шийдлийг гаргаж, тендерийн баримт бичгийг боловсруулсан” гэж нийслэлийн Засаг дарга хэлжээ. Бас тэрбээр “Хэрвээ нэг л айл татгалзвал бид тухайн хүний өмч хөрөнгийг нураах боломжгүй” гэж дурдсан аж. Эндээс Х.Нямбаатар 207 дугаар байрныхны эмзэг сэдэвт нь дөрөөлөн орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа хийж эхэлжээ гэж хардахад хүрч байна. Учир нь дэлбэрэлтээс хойш өчнөөн хугацаа өнгөрчхөөд байхад дуугараагүй дарга гэнэт ухаан орсон мэт байрыг нураана гэж “сэлэм эргүүлэх” болсон нь хачирхалтай.
Тэгээд бүр бүтээн байгуулалтын улирал шувтарч, газар шороо, барилгын ажил хийх хугацаа дуусаж байхад шүү дээ. Ийм учраас л түүний амлалтад итгэхгүй байгаагаа зарим оршин суугч хэлсэн. Сонгуулийн өмнө сайхан амлалт өгч, барилгыг нураалгачхаад, дараа нь ор тас “мартчихвал” яах вэ. Эцсийн дүндээ айлууд л хохироод үлдэнэ. Бас ажил эхлүүллээ гэж бодоход амласан 2025 ондоо багтаан дуусгаж чадахгүй бол яах вэ. Бас л иргэд хохирч, багагүй хугацаанд түрээсийн байр хэсэн амьдарна гэдгийг зарим оршин суугч анхааруулсаар байна. Үнэндээ ийм эрсдэл тулгарахгүй гэх баталгаа тэдэнд байхгүй. Юутай ч орон нутгийн сонгуулийн өмнө ийм нэгэн “улс төр” 207 дугаар байрныхан руу чиглэлээ. Хойшид хэрхэхийг хүлээхээс өөр сонголт тэдэнд үгүй бололтой.
М.ОЧ