2022 онд Шри-Ланка улсад эсэргүүцэл тэмцэл өрнөж Ерөнхийлөгч Готабаи Ражанаксыг хугацаанаас нь өмнө огцруулсан юм. Улмаар энэ сарын 21-нд Ерөнхийлөгчийн сонгууль болж сөрөг хүчний “Ардын үндэсний эрх”, марксист-ленинист “Ардын чөлөөлөх фронт” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Анура Кумара Диссанаяке Төрийн шинэ тэргүүн болов. Үйл ажиллагааг нь хориглосон, марксизмын тугийн дор Засгийн газрын эсрэг тэмцэгч, алан хядагч бүлэглэлийн гишүүн байсан хүн тус улсын түүхэнд анх удаа Төрийн тэргүүнээр сонгогдлоо. Ийнхүү 22 сая хүн амтай Шри-Ланка улс өнгөрсөн даваа гаригт бие даасан хөгжлийнхөө шинэ үе шатыг эхлүүлэв. 39 хүн өрсөлдөж, сонгогчдын оролцоо урьд өмнө үзэгдээгүй өндөр, 70 хувьтай байсан сонгуульд ялж шуугиан тарьсан шинэ удирдагч “Итгэл найдвар, хүлээлт дүүрэн сая сая нүд биднийг урагш түлхэж, бид хамтдаа Шри-Ланкын түүхийг дахин бичихээр боллоо” гэж мэдэгдэв.
55 настай Диссанаяке “Сингаль, тамил, мусульманчууд хийгээд Шри-Ланкын нийт ард иргэдийн эв нэгдэл шинэ зорилго руу хөдлөх үндэс суурь нь байх болно” гэж хэлээд, арлын хүмүүсээ хөгжлийн шинэ стратегийн төлөө олон жилийн дайсагнал, хоорондын үл итгэлцлээ даван туулахыг уриалав. Эсэргүүцэн тэмцэгчид нь Ерөнхийлөгчийн ордныг эзлэн авч, Төрийн тэргүүнээ огцруулсан 2022 оны үйл явдлаас хойш анх удаа болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Анура Кумара Диссанаяке ялсныг өнгөрсөн ням гаригт зарласан юм. Түүний төлөө 5.7 сая хүн санал өгчээ. Бас нэг сөрөг хүчин болох “Үндэсний нэгдсэн хүч” намаас нэрийг нь дэвшүүлсэн гол өрсөлдөгч Сажит Премадаса 4.5 сая хүний дэмжлэг хүлээсэн байна. 2022 онд хүчээр огцруулсан Ерөнхийлөгчийн суудалд сууж байсан 75 настай Ранил Викрамасингх энэ өрсөлдөөнд гуравдугаарт орсон аж. Хоёр жилийн өмнө нийслэл Коломбо хотод олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэж, соёлын өв, дурсгалыг сүйтгэсэн үйл явдлаас ялгаатай нь энэ удаад төрийн эрхийг шилжүүлэх ажил тайван амгалан, зөрчил тэмцэлгүй болж өнгөрөв. “Шри-Ланка хэмээх эелдэг хүүхдийг Ерөнхийлөгч Анура Кумара Диссанаякед өгөхөөр сонгогчид маань шийдлээ.
Бид хоёр ихэд хайрладаг энэ Шри-Ланкыг би танд хүлээлгэж өгч байна” гэж хэлээд огцорч буй Викрамасингх 2022 онд хуучин авлигад идэгдсэн улс төрчийн эсрэг тэмцлийг идэвхтэй дэмжиж байсан өчигдрийн сөрөг хүчний төлөөлөлд улс орноо удирдах шинэ хариуцлагатай албандаа амжилт олохыг хүссэнбайна. 1948 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш олон түмний эсэргүүцлийн дунд түүхэндээ эдийн засгийн хурц хямралыг үзсэн улсаа сүүлийн хоёр жил удирдаж хүнд бэрхийн ард гарахын тулд Ранил Викрамасингх олон ажил амжуулжээ. Хоёр жилийн өмнө дампуурлаа зарласан Шри-Ланка улсыг түүний хийсэн нөр их ажил ангалын ирмэгээс холдуулж чадсан байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2022 онд бараг найман хувь унасан бол энэ онд урьдчилсан дүнгээр гурван хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Валютын нөөц нь зургаан тэрбум ам долларт хүрчээ. Дампуурлын дараа Шри-Ланка сэргэн босож буйг дараагийн сард албан ёсоор хүлээн зөвшөөрөх гэж байгааг сонгуулиас өмнөхөн залуу үйлдвэрлэгчидтэй уулзахдаа Викрамасингхе мэдээлж байв. Улс орныхоо байдлыг тогтворжуулахаар түүний хийсэн алхмууд үр шимээ өгч эхлээд байсан гэлээ ч эрх баригч намаас нэрээ дэвшүүлэгч таван жилийн хугацаатай Ерөнхийлөгч болохоор ард олныхоо итгэлийг хүлээж чадсангүй. Ранил Викрамасингх авлигажсан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа авч хаяулахад хүрсэн урьдын эрх баригч тогтолцоог орвонгоор нь эргүүлж үл чадах улс төрийн хуучин дээдсийн төлөөлөгч болж түүхэнд үлдлээ.
Анура Кумара Диссанаяке 1970, 1980-ад онд үйл ажиллагааг нь хориглосон зүүний үзэлт марксизм-ленинизмийн уриан дор хувьсгалт тэмцэл хийж, зэвсэг хэрэглэх замаар Засгийн эрхэнд гаргахыг оролдож байсан “Ардын чөлөөлөх фронт” хэмээх бүлэглэлд залуудаа элсжээ. Энэ хүчний нууц тэмцэл, хийж чадаагүй хувьсгалын хөлд 80 мянга гаруй хүн үрэгдсэн гэдэг. Тухайн үед троцкизмын үзлийг номолж, зэвсэгт тэмцлийн замаас татгалзсан Шри-Ланкын Коммунист нам, Шри-Ланкын дэвшилт социалист нам гэсэн зүүний хууль ёсны улс төрийн хоёр хүчин үйл ажиллагаа явуулж байсан ч “Ардын чөлөөлөх фронт” хэмээх хориотой байгууллага нийгмийн доод давхаргынхны дунд ихээхэн дэмжлэг хүлээдэг нөлөө бүхий бүлэг болжээ. Шри-Ланкын коммунист, социалистууд энэ фронтоос хөндий байхыг илүүд үзэж, үйл ажиллагааных нь радикал аргыг дэмждэггүй байв. Оюутан байх үед нь Че Гевара шүтээний нэг байсныг Диссанаяке сэтгүүлчдэд ярьсан байдаг. Хүчний байгууллагынхны тусгай салбар болох “Үхлийн эскандрон”-оос тэрбээр залуудаа нуугдаж явдаг байж. 2001 онд Диссанаяке анх удаа парламентын гишүүнээр сонгогдож, 2004-2005 онд Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар, усжуулалтын яамыг удирдаж байв. 2019 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхэд нь хэн ч түүнийг хайхарсангүй, ердөө гурван хувийн санал авсан байдаг.
Таван жилийн дараа төр тэргүүлэх юм чинээ тэр үед хэний ч санаанд орохгүй байжээ. Улс төрийн шатаар өгсөх явцдаа Диссанаяке өөрийн марксист-ленинист үзлээ өнөө цагийн Шри-Ланкын улс төрд нийцүүлж, хувьчлал гарцаагүй, хувийн өмч байх ёстойг хүлээн зөвшөөрөх болсон байна. Шри-Ланкад зээл олгох Олон улсын валютын сан (ОУВС)-гийн суурь гэрээний нийгэмд үзүүлэх хойчийн үр дагаврыг хэтэрхий чанга гэж тэр үзэж, түүнийг эргэн харах ёстой хэмээнмэдэгдэж байв. Төр, засаг нь солигдсоны дараа арлын энэ улс ОУВСболон өрнөдийн бусад байгууллагатай цаашид харилцахад урьдчилан хараагүй хүндрэл учирч болзошгүйг илэрхийлж буй нь энэ юм. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө мэдэгдэж байснаар БРИКС-ийн орнуудтай Шри-Ланка ойртох үйл явц түргэсэх төлөвтэй байгаа билээ. Сая болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд өрсөлдөгчдийн хэн нь ч 50-иас илүү хувийн санал авч чадаагүй. Хоёр дахь удаагаа санал хураахад Диссанаяке 42.31 хувийн дэмжлэг хүлээж ялсан юм. Түүний нэрийг дэвшүүлсэн марксист нам татварыг бууруулж, эдийн засгийн хаалттай бодлого явуулж, авлигатай тэмцэх үзэл баримтлалтай юм. Улсдаа нүүрлээд байгаа хүнсний бүтээгдэхүүний хямралыг гэтэлж, боловсрол, эрүүлийг хамгаалах салбарт хөрөнгө оруулахаар амлаад байгаа. Түүнийг оюутан, багш, ажилчин анги идэвхтэй дэмжиж буй. Диссанаяке энэ сарын 23-нд тангаргаа өргөлөө.
Шри-Ланка улсыг эдийн засгийн тогтворгүй байдал руу түлхсэн “улс төрийн хуучин гвард”-аас сонгогчид залхсаныг Диссанаякегийн ялалт харуулсан гэж шинжээчид үзэж байна. Шри-Ланкын түүхийг шинээр бичих эхлэлийн үндэс нь бидний хоорондын эв нэгдэл юм. Бид хүрэхээр чармайж байгаа сэргэлт нийтийн хүч, үзэл санааны үндсэн дээр бий болно гэж тэрбээр онцлон хэлэв. Эрс өөрчлөлт хийж хээл хахууль, авлигатай тэмцэж, нүүр тал харах явдлыг эцэс болгож, эдийн засгаа тогтворжуулна хэмээн сонгуулийн өмнөх сурталчилгааныхаа үеэр тэр амласан. Гадаад бодлогын сэдвийг хөндөхдөө бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн боломжуудыг эрх ашигтайгаа нийцүүлэн нэгэн зэрэг ашиглахад бидний хандлага чиглэнэ. Бид тусгаар тогтнолоо хамгаалж, геополитикийн энэ их өрсөлдөөнд ямар нэг хүчинд нэгдэхгүй. Манай үндэсний ашиг сонирхолд үр ашгаа өгөх хүчтэй гадаад бодлого чухал гэдэгт би итгэдэг гэж хэлсэн байна.
Ташрамд дурдахад, 2019 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Готабая Ражанакса ялсан ч олны тэмцэл хөдөлгөөний улмаас 2022 оны зун эх орноо орхиж явсан тул Ерөнхий сайд байсан Ранил Викрамасангхийг парламент нь түүний оронд томилсон аж.