Нийтийн тээврийн үйлчилгээнд чиглэлийн дагуу зорчиж явсан автобус дээр өчигдөр өглөө 09.30 цагийн үед өргөгч кран унаж, осол гаргалаа. Тодруулбал, шугам хоолойн засвар, үйлчилгээ хийж байсан кран “Мах импекс”-“Тэнгис” кинотеатр-Улаанхуаран чиглэлийн 40 дугаарын автобус дээр унасан юм. Баянгол дүүргийн нутаг, 25 дугаар эмийн сангаас Саппоро хүртэл дулааны хэсэгчилсэн магистраль шугамыг сольж буй бөгөөд уг ажлыг гүйцэтгэж байсан аж ахуйн нэгжийн өргөгч кран ийнхүү автобустай “мөргөлдсөн” байна. Осол Төмөр замын нэгдсэн эмнэлгийн ойролцоо, төв замын нэгдүгээр эгнээнд гарчээ. Осол гарах үеэр автобус дүүрэн зорчигчтой, кран төв замын нэгдүгээр эгнээ рүү нэлээд шахсан байж. Гэнэт л тас няс хийх дуу гарч, зорчигчид хашхирч орилолдоход автобусны жолооч “кран уначихлаа” хэмээн хүмүүст хэлсэн гэнэ.
Энэ үеэр хаалганы арын цонх бутарч, цохигдсон ч хүмүүс ноцтой гэмтэж бэртээгүй аж. Үүний талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрынхнаас тодруулахад “Осол гарсан шалтгааныг Тээврийн цагдаагийн албаныхан шалгаж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ноцтой гэмтсэн хүн байхгүй” гэв. Дээрх ослын үеэр өргөгч краны хошуу автобусны голд унасан бол тэнд байсан зорчигчдын тэн хагас нь гэмтэж бэртэх эрсдэлтэй байж. Энэ удаад маш том сануулга өгөв бололтой. Учир нь дээрх байршлын шугам хоолойн засвар, үйлчилгээг энэ сарын 15-нд дуусгах хуваарьтай байсан. Гэвч хугацаандаа амжаагүйгээс ийм нэгэн осол боллоо. Явган хүний зам, ногоон байгууламж муутай манай хотод төв зам дагуу хийж буй томоохон засвар, үйлчилгээний үеэр хүнд машин, механизмууд иргэдийг нэлээд айдаст автуулдаг. Ажил гүйцэтгэгчид хүн явж байхад хүртэл кранаа хээвнэг буулгаж, өргөөд байх. Орчны аюулгүй байдлыг хангах нь бүү хэл, өөрсдөө тэр жижиг зайд багтахын тулд хаана ч хамаагүй зогсчихдог. Ийм хайнга, сэтгэлгүйгээс нь болж өчнөөн хүн эрүүл мэнд, амиараа хохирох шахлаа шүү дээ.
О.Ундрах