УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, орон нутгийн эрх мэдэл жилээс жилд хумигдсаар байгааг хэлэлцжээ. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 26 агентлагаас 24-ийнх нь даргыг Улаанбаатараас томилж байна. Тухайн орон нутгийн төсвийн орлогыг Улаанбаатараас татаж аваад, тэндээс дахиад орон нутагт хуваарилж өгдөг. Үүнийг “Аймаг, сумууд засаглах чадваргүй гэж үздэгээ эрх баригчид бодлогоороо дамжуулан хэрэгжүүлж буй явдал” гэж тэд шүүмжлэв. Тиймээс “Эрх мэдлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэхийн тулд томилгооны болон төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх үзэл санаа бүхий багц хуулийн төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна” гэж тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдэв.
АН-ын бүлгийн 42 гишүүнээс 14 нь аймаг, дүүргийн удирдлагаар, мөн долоон гишүүн нь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тийм учраас дээрх нөхцөл байдлыг орон нутаг дахь хамгийн тулгамдсан асуудал гэж үзэж байгаа аж. Тэд мэдээлэл хийх үеэрээ “Төвлөрсөн удирдлагыг ингэж хална” гээд уншиж байсан бичгээ базаж хогийн саванд хийж алга ташицгаасан нь анхаарал татсан юм.