Хятадын Тэнгисийн цэргийн хүчний хамгийн сүүлийн үеийн цөмийн шумбагч хөлөг энэ оны дундуур эргийн зогсоол дээр живсэн тухай Reuters агентлаг Пентагон дахь эх сурвалжаас иш татан мэдээллээ.
Эх сурвалжийн хэлснээр хэрэг явдал 5 сард болсон бөгөөд ямар шалтгааны улмаас осол болсон мөн шумбагч онгоцонд цөмийн түлш байсан эсэх нь тодорхойгүй байна.
БНХАУ-аас АНУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан тус агентлагт ярихдаа дээрх болзошгүй хэргийн талаар сайн мэдэхгүй бөгөөд одоогоор өгөх ямар нэг мэдээлэл бидэнд алга хэмээн мэдэгджээ.
Маневрлахад хялбар болгох зорилгоор Х хэлбэртэй бүтээгдэж буй тус хөлөг Zhou ангиллын анхны довтолгооны шумбагч хөлөг юм.
Maxar Technologies компанийн хиймэл дагуулаас авсан зурган дээр шумбагч онгоц 5-р сад Ухааны ойроцоо хөлөг онгоцны зогсоолд байсан бол зургаадугаар сард авсан зураг дээр шумбагч үзэгдэхгүй болж, эрэг дээр олон тооны өргөгч машинууд байрласныг Wall Street сэтгүүл нийтэлсэн байна.
Хятадын хөлөг онгоцны үйлдвэрүүдийн ажиллагааг хиймэл дагуулын зургаар байнга ажиглаж байдаг Center for a New American Security хүрээлэнгийн ахлах судлаач Том Шугарт ярихдаа “Би ийм олон өргөгч тухайн газарт байрлаж байсныг өмнө нь огт харж байгаагүй. Ихэнхдээ шинэ шумбагч хөлгийг үйлдвэрээс гаргахаасаа өмнө эргийн усанд хэдэн сарын турш байрлуулж, гадаад тоноглолыг нь угсардаг юм. Гэтэл энэ шатандаа тус хөлөг алга болсон байна” гэжээ.
2023 оны Хятадын батлан хамгаалах яамны тайланд өгүүлснээр одоо тус улс баллистик пуужин харвах чадвартай зургаан ширхэг цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг, довтолгооны зургаан ширхэг цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг, довтолгооны 48 ширхэг дизель хөдөлгүүрт шумбагч хөлөгтэй юм.
CRS (Congressional Research Service) байгууллагын тооцоолсноор Хятад улс 2025 онд 65, 2035 онд 80 шумбагч хөлөгтэй болох үйлдвэрлэлийн хүчин чадалтай гэнэ.