“Баавгай болохсон” кино Оскарын шагналын анхан шатны шалгаруулалтад оролцох бүх шаардлагыг бүрэн хангасан ч Монголын Кино урлагийн зөвлөлийнхний дэмжлэгийг авч чадсангүй. Үнэхээр харамсалтай байна” гэж уг бүтээлийн ерөнхий найруулагч П.Золжаргал бичжээ. Монгол кино дэлхийд танигдах жимийг гаргаж, 10 гаруй улсын театраас албан ёсоор үзэгчидтэй нь “мэндчилсэн” эл бүтээлд Кино урлагийн зөвлөл “хориг тавьсан” нь олон нийтийн шүүмжлэлийг “өрдсөн” юм. Социализмын үеийн “главлит” ардчилсан Монгол Улсад эргэн ирж, уран бүтээлчдийг, уран бүтээлүүдийг ийнхүү цензурдэх болсон нь аймшигтай, бас харамсалтай.
Социализмын үед Сайд нарын зөвлөлийн дэргэд Хэвлэл, утга зохиол хянах газар буюу “главлит” ажиллаж, бүх уран бүтээлд хатуу хяналт тавьж, хэвлэх, тоглуулах, олон нийтэд хүргэх, эсэхийг нь цензурдэж шийддэг байсан гэдэг. Тэгвэл хуучнаар Соёлын сайд Ч.Номингийн томилсон, Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал, гишүүн Н.Ганхуяг, Н.Уранчимэг, Г.Энхбаяр, С.Батцэцэг, Н.Сүнжидмаа, Б.Пүрэвдорж, Т.Номуунзул, Н.Энхбат, Д.Онондорж, Ж.Дэлгэржаргал гэсэн 11 хүн орчин цагийн “главлит”-ийн үүргийг гүйцэтгэж байна. Тэд мэргэжлийн хүмүүс үү, намын гишүүд үү, ямар шалгуураар аливаа уран бүтээлийг олон улсын наадамд оруулах зөвшөөрөл өгдөг вэ гэдэг нь тодорхойгүй.
2022 оноос мөрдөж эхэлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн дагуу дээрх зөвлөлийг байгуулсан юм. Дарга, гишүүдийг нь Кино урлагийн зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшүүлэх журмын дагуу шалгаруулдаг. Сонгон шалгаруулалтыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулсан ажлын хэсгийнхэн явуулдаг. Ийнхүү Соёлын сайдын “ивээл”-ээр байгуулсан ч гэж болох уг зөвлөлийнхөн ямар нэгэн кино олон улсын наадамд оролцох, эсэхэд хүртэл “хамраа дүрж” буй нь “Баавгай болохсон”-ыг тойрсон үйл явдлуудаас харагдана. Тус зөвлөлийнхөн бүр “Хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь “Баавгай болохсон” киног Оскарын урьдчилсан шатанд оролцуулахаас татгалзсан. 97 дахь удаагийн Оскарын наадамд Монголыг төлөөлөх кино байхгүй гэж үзлээ” хэмээн бахархалтайгаар мэдэгдсэн юм.
“Баавгай болохсон” киног Монголын кинотеатруудад гарахаас урьтаад хэдийн олон улсын үзэгчдэд хүргэж, Каннын кино наадамд ч оролцуулсан билээ. Үүний дараа буюу Монголд албан ёсоор нээлтээ хийхэд олон үзэгч талархан хүлээн авсан. Гэвч “Улсаа муухай харагдуулах кино хийлээ” гэж шүүмжлэх нэгэн ч байсан юм. Тиймээс Кино урлагийн зөвлөл улс төрийн агуулгаар уг бүтээлийг Оскарт өрсөлдүүлэхээс татгалзсан гэх хардлага ч байна. Улаанбаатарын агаар, орчны бохирдол, цаашлаад хүн амын амьдралын чанар, улс орны үнэн нүүр царай, бодит байдлыг нэгэн гэр бүлээр төлөөлүүлэн, гоёж гоодолгүйгээр өгүүлснээрээ эл бүтээл зарим нэгнээс “Эх орноо муухай харагдуулсан” гэх үнэлгээ авсан билээ.
Гэвч Найруулагч П.Золжаргал зогсохыг хүссэнгүй, Кино урлагийн зөвлөл шийдвэрээ эргэн харна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр “Энэ бол зөвхөн миний бүтээлтэй холбоотой асуудал биш. Монголын кино урлагийн нэр хүнд, цаашдын хөгжил, энэ салбарт хүсэл мөрөөдөл, амьдралаа зориулж буй уран бүтээлчдэд ч хамаатай. Тиймээс Кино урлагийн зөвлөлийн гишүүд гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүсье. Оскарт Монгол Улсаа төлөөлүүлэн кино илгээх сүүлчийн хугацаа аравдугаар сарын 2” гэж мэдэгджээ.