Хүүхэд гэрээсээ гараад сургууль руугаа хүрэх зам нь аюулгүй байх ёстой. Ядаж л явган хүний гарцтай, замтай, гэрэлтүүлэг сайтай байх хэрэгтэй. Гэтэл хүүхэд сургуулийнхаа эргэн тойронд ч амь эрсдэж мэдэхээр аюултай хотод бид амьдарч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороон дахь нийслэлийн 16 дугаар сургууль хүрэх замд хүүхдүүдийг маш олон саад отож буй юм. Хэдэн жилийн өмнөөс л эл сургуулийн орчимд хүүхэд байтугай насанд хүрэгчид явахад хүндрэлтэй тул нэн даруй засаж тохижуулахыг иргэд шаардсаар ирсэн. Гэвч иргэд хэчнээн шаардлага хүргүүллээ ч үр дүнд хүрэхгүй байгааг энэхүү сурвалжилгаараа хүргэе.
Нийслэлийн 16 дугаар сургууль хүрэх замыг эцэг, эхчүүд “тамын”, “аймшгийн” хэмээн нэрлэжээ. Авто зам нь эвдрэл ихтэйгээс түүгээр явсан автомашинуудын техник хэрэгсэл салж унах нь уу гэлтэй. Тэрхүү хэсгээр явахдаа автомашиныхаа бариулаас сайн барихгүй бол цонх мөргөж ч мэднэ. Замын дундуур гэнэт л хүүхдүүд гараад ирж ч магадгүй. Уг нь сургууль орчмын бүсэд 200-300 метрийн цаанаас хурдаа сааруулахыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах ёстой. Үүнээс нь жолооч нар сургууль орчмын бүсэд ойртож буйгаа анхаарч, автомашиныхаа хурдыг 20 км/цаг болгон сааруулах журамтай. Харамсалтай нь, дээрх сургуулийн ойр орчмын 200-300 метрийн зайд анхааруулах тэмдэглэгээ байсангүй. Сургуулийнх нь үүдэнд шахам ирэхэд л тэмдэглэгээ угтав.
ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ Ч ҮГҮЙ
16 дугаар сургуулийн эргэн тойронд шороо тоос бужигнаж, явган хүний зам шинэчилж буй хүмүүсийн хүрзний чимээ, автомашинуудын дуут дохио зогсоо зайгүй хангинана. Тэнд гэрлэн дохио ч байхгүй. Явган хүний гарц гэсэн самбар байх ч тэмдэглэгээ нь алга. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гараас тас атгаад зам хөндлөн гарахаар хүлээнэ. Жолооч нар тэдэнд зам тавьж өгөх шинж алга. “Миний хүү хөлийнх нь ойролцоо чулуу байна шүү. Унав аа. Яана аа, хичээлээсээ хоцрох нь дээ. Явган хүний гарц гээч зүйл энэ хавьд байдаггүй юм байх даа” гэсээр нэгэн эмэгтэй хүүхдээ хөтлөн зогсоно. Авто зам чөлөөтэй болохыг нэлээд удаан хүлээснээр олон ч хүн тэнд цугларав. Гарцаар гарахаар хүлээж байсан хүмүүсээс холгүйхэн зогсож буй хүн ухрахаар хэд алхахдаа ардаа байсан бордьюрт тээглээд уначихлаа.
“School policе”-оор ажиллаж буй эцэг, эхийн төлөөлөл “Би энэ хавьд сүүлийн найман жил амьдарч байна. Энэ замыг засаж байгаа “царай” гаргаад л, “гурилдаад” орхичихдог. Юутай ч хүүхдээ сургууль руу хэзээ ч ганцааранг нь явуулж болохгүй. Энэ зам аймшигтай. Эргэн тойронд нь явган хүний гарц огт байхгүй” гэлээ. Мөн “Сургуулийн баруун талаас хичээлдээ ирж, очдог хүүхдүүд үргэлж л авто замаар алхах юм аа” гэх нэгэн ч байв.
СУРАГЧДЫН ЗАМД ЧУЛУУ ОВООЛОВ
Энд тэндгүй л явган хүний зам засаад буй бололтой чулуунуудыг нь ойролцоо овоолоод тавьчихсан байлаа. Уг ажлыг “Геодез, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ынхан хариуцаж буй аж. “16 дугаар сургуулийн урд талын авто замд борооны ус зайлуулах 370 метр шугам хоолойг угсарч дууслаа. Нөхөн сэргээлтийн ажлыг хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө дуусгахаар ажиллаж байна” гэж нийслэлийн ЗДТГ-аас наймдугаар сарын 30-нд мэдээлж байсан юм. Гэтэл ажил нь одоо ч дуусаагүй л байна. Тэнд ажиллаж буй хүмүүсийн хэлснээр нөхөн сэргээлтийг уржигдраас л эхлүүлсэн гэнэ.
Сургуулийн хашааг тойруулан тавьсан явган хүний замыг засварлаж байгаа тул хүүхдүүд авто замын дундуур алхахаас өөр аргагүй. Зарим нь овоолсон чулуунуудад бүдрээд унана. Газарт юу байгааг маш хянамгай анхаарахгүй бол явган хүний зам хийхээр овоолсон чулуунууд хаа сайгүй бий. Үүний зэрэгцээ явган хүний зам дээр гэрлийн шон ч байрлуулжээ. Зарим гэрлийн шонг замын голд, харин нэг хэсгийг захад нь байрлуулсан байв. Мөн тэрхүү нарийнхан замынх нь талд сонгуулийн сурталчилгааны самбар ч байршуулжээ. Хүүхдүүд чулуунуудын хажуугаар гарахаар ядаж байхад нэмээд сонгуулийн сурталчилгааны самбарыг ч тойрох хэрэгтэй болно.
Сургуулийн ардхан хэсэгт барилгын ажил үргэлжилж байв. Явган хүний замыг хамгаалсан сүүдрэвчийг үлээвэл нурж ч мэдэхээр хэврэг харагдсан. Хааш яаш тахийсан тэрхүү саравчны доогуур хүүхэд олноор явна. Ийм байхад саравчинд буюу гудамжинд бие засаад, хэнэг ч үгүй тамхи татаад зогсох нэгэн ч байлаа. Шавар шалбааг тогтож, хүний ялгадсаар дүүрсэн тэрхүү хэсгээр хүүхдүүд өдөр тутам хичээлдээ явдаг нь харамсалтай. Ямар ч стандартгүй, арай гэж тогтож буй тэрхүү хаалт нь сурагчдын дээрээс унахгүй гэх баталгаа алга. Улаанбаатар хотын төвд байрладаг энэ сургууль ийм нөхцөл байдалтайгаар олон жилийг ардаа үдсэн.
УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ СУУРИЛУУЛЖЭЭ
Сургууль орчмын замын аюулгүй байдлыг хэзээ хангах талаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооныхноос тодруулахад “Маргаашаас (өчигдөр) авто замыг хааж, асфальт тавих юм. Ус зайлуулах хоолойг шинэчлээгүй байж л жил бүр замыг нь зассаар ирсэн. Үүнээс болж зам жил бүр усанд автдаг байсан. Харин ус зайлуулах шугам хоолой суурилуулснаар ийм асуудал гарахаа болино. Хоёр хоногт явган хүний замын ажлыг дуусгана гэсэн. Энэ ажил дуусчихвал тэмдэг, тэмдэглэгээ ч тавьж өгөх байх” гэлээ.
Мөн орон сууцын байрнуудын булангаас хүүхэд гэнэт гарч ирж, тээврийн хэрэгслийн урдуур орох нь их байдаг гэнэ. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн “Бөхийн өргөөгөөс урагш эргэдэг авто замд хурд сааруулагч, авто болон явган хүний замыг тусгаарлагч хийх шаардлагатай байна. 61 дүгээр байрны буланд халхлагдаад хүүхэд, байгаа, эсэх нь харагдахгүй юм. Явган хүний замын өргөн нь 30 см ч хүрэхгүй, хоёр хүн зөрөх боломжгүй. Хүүхдүүд дийлэнхдээ автомашины замаар алхдаг. Ойр хавьд явган хүний гарц ч байхгүй. “Оюунлаг”, нийслэлийн 21, 84 дүгээр сургуулийн болон 122, 136 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд үүгээр байнга явдаг. Осол гарч мэдэхээр эрсдэлтэй хэсэг болоод байна” гэлээ. Тухайн хэсгийн явган хүний зам нь нарийхнаас гадна иргэд автомашинуудаа шахаад байрлуулчихдаг аж. Тиймээс хүүхдүүдийн явах зам улам л нарийсдаг.
Эдгээр асуудлыг ерөнхий боловсролын сургуулийнхан бие даан шийдвэрлэх боломжгүй учраас дүүргийнхээ удирдлага, нийслэлийн Замын хөгжлийн газар зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа хүсэлт тавьж иржээ. Гэвч дорвитой арга хэмжээ авсан нь үгүй. Сүүлд 2017 онд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулахаар шийдвэрлэж, 860 сая төгрөг төсөвлөсөн юм билээ. Үүнд хотын төвийн хэд хэдэн сургууль багтжээ. Ингэхдээ хурд сааруулагч, лед самбар, гэрлэн дохио байрлуулж, тэмдэг, тэмдэглэгээ хийн, аюулгүй байдлыг хангасан гэнэ. Үүнээс хойш ийм арга хэмжээ аваагүй аж.
А.ТЭМҮҮЛЭН