Монголын чөлөөт бөхийн өсвөр үеийн шигшээ багийнхан олон улсын тэмцээнд хүч сорихоор Хонконгийг зорьсон. Орон нутгийн багаас дасгалжуулагч Л.Энхбаяр, С.Баттөр нарын удирдлагад оролцсон Төв аймгийн тамирчид 20 медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэд байрт шалгарчээ. Тус тэмцээнтэй давхцаж хойд хөршийн Кемерово хотод “Шахтерская слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн болоход 57 кг-ын жинд “Төгс дэвжээ”-нээс Б.Мөнх-Эрдэнэ, 92 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Т.Дэмчигдорж нар хүрэл медаль хүртлээ.
Манай бөхчүүд тэмцээн өндөрлөсний дараа ОХУ-ын Саха улсын Якут хотод долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийж, тус улсын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркины нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох нь. Тэгвэл Гавьяат тамирчин Т.Тулга Владикавказ хотод ах, дүү Хадарцевын нэрэмжит олон улсын тэмцээний 70 кг-д зодоглоно. Тэрбээр сугалаанд эхний тойрогт Арменийн Вазген Теванянтай барилдахаар таарчээ. Хэрэв түүнийг ялбал дараачийн тойрогт Киргизийн тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Эрназар Акматальевтай барилдах аж.
Сонирхуулахад, Монголд бөхийн төрлүүдийн ДАШТ 2025 онд болно. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээнийг зохион байгуулах улсын нэрийг албан ёсоор зарлаж, гурав дахийг нь Улаанбаатарт ирэх жилийн тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 1-нд хийхээр шийдвэрлэсэн байна.