Монгол Улсын нийслэл Улаанбаатарт Яармаг хэмээх нэртэй нэгэн “хот улс” хэдийн үүсжээ. Тус бүс яг л Улаанбаатар шиг тэгш бус хөгжил, төлөвлөлтийн жишиг болж жилээс жилд өргөжин тэлж байна. Энэ асуудлыг яг одоогийнх шиг үл ойшоосоор, урсгалаар нь явуулсаар байвал нийслэл хотод байгаль орчны доройтол, зам, дэд бүтцийн ачаалал, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, иргэдийн амьдрах орчны чанар тартагтаа тулж, тэгш бус байдлаас үүдэлтэй “ангал” улам гүнзгийрч болзошгүй нь. Үүний үүд хаалга хэдийн нээгдчихсэн, суурь нь бат бөх тавигдчихсаныг та, бид нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байна. Хот төлөвлөгчид, архитектор, инженерүүд Яармагийн суурьшлын бүс өнөөгийн Улаанбаатарын хөгжлийг тодорхойлох хэмжээнд онцгой байр суурь эзэлж байгааг, ирээдүйд бүр ч том нөлөө үзүүлэх магадлалтайг анхааруулж, машид болгоомжлох боллоо. Харин нийслэлчүүд маань Яармагийг нийгмийн хөгжлийн зарчмаар бий болж буй жирийн л нэг суурьшлын бүс гэдэг өнцгөөс харж, түгжрэл, төвлөрлөөс үүдэлтэй асуудлуудыг нь одоохондоо хөнгөн зугаа, наргиан наадам болгосоор өнгөрдөг. Угтаа энэ нь өнөөдрийн инээдэм, маргаашийн ханиадам болсон асуудал юм.
Улаанбаатар хотыг нэг төвт загвараас олон төвт болгож хөгжүүлэх бодлого бүхий ерөнхий төлөвлөгөөний гол цөмд Яармагийг багтаасаар ирсэн. Үүнийг нийслэлийн нэгэн төв, шинэ суурьшлын бүс болгох зорилго, төлөвлөгөөг 2000-аад оны үеэс хот төлөвлөлтийн бодлогод тусгаж, дэд бүтэц, бүтээн байгуулалт, тээвэр ложистикийн олон төсөл, хөтөлбөр санаачилсаар өдий хүрсэн юм. Даанч төлөвлөгөөний дагуу дорвитой, цэгцтэй ажил хийж амжаагүй байтал Яармагийн дэнж барилга, байгууламжаар дүүрч, хот доторх хот болчихлоо. Тус бүсийг чиглэсэн хүн амын урсгал, шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 жилд эрчимжсэнийг статистик үзүүлэлт харуулж байна. 2001-2015 онд Яармагийн дэнжид зөвхөн орон сууцын зориулалттай 101 блок байр ашиглалтад орсон бол 2016-2020 оны хооронд буюу ердөө тавхан жилийн дотор 113 барилга, байгууламж шинээр бий болжээ. Үүнээс хойш хэчнээн барилга нэмж босгосныг хэлэхэд бэрх. Нийслэлийн хэмжээнд өдгөө үргэлжилж байгаа барилгын ажлын 45 хувь нь тус бүсэд өрнөж буй гэнэ. Үүнийг дагаад хүн амын тоо нь ч “гэрлийн хурд”-аар өсөж. Яармаг хэсэгт буюу Хан-Уул дүүргийн V, VI, VII, VIII хороонд 2021 онд 40 мянга гаруй хүн амьдарч байсан бол одоо 60 мянга давжээ. Хан-Уул дүүргийн ЗДТГ-ынхан ч баттай тоо хэлж чадахгүй, “Түр болон байнга оршин суугчдыг нэгтгэн тооцсон, албан ёсны статистик алга, дунджаар 60 мянга гаруй гэж үздэг” хэмээн мунгинаж сууна. Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийнхан 2022 онд судалгаа хийгээд Яармаг дахь хүн амын нягтшил Улаанбаатарынхаас 23 дахин өндөр байгааг тогтоосон. Эл үзүүлэлт одоо хэрхэн өөрчлөгдсөнийг хэлэхэд хэцүү ч нөхцөл байдал дордсон нь гарцаагүй. Дээр дурдсан цөөн баримтаас тус бүс сүүлийн жилүүдэд хэр хурдацтай хөгжсөнийг харж болно. Гэхдээ энэ хөгжил тэгш, хүртээмжтэй бус байгаад л хамаг учир бий. Яармаг яг л Улаанбаатарын алдааг давтаж, тэгш бус төлөвлөлттэйгөөр хөгжиж, өргөжиж байгаа. Үүнийг тодруулъя.
Улаанбаатар метрополис хотын эгнээнд шилжээд удаж байгаа ч үүний гол шалгуур болох тэгш, хүртээмжтэй хөгжил, эмх цэгцтэй төлөвлөлтийн шалгуур, шаардлагад нийцдэггүй. Хамгийн эмх замбараагүй, төлөвлөлтгүй хотын тоонд зүй ёсоор багтдаг. Иргэдийн орлого, амьжиргааны түвшнээс улбаалан Зайсан ба бусад хэсгийнхэн гэсэн хуваагдмал бүтэцтэйгээр хөгжсөн. Ямар сайндаа л нийслэлчүүдийг гүүрээс (Зайсангийн) урагш, хойш амьдардаг гэж ангилж ярих вэ дээ. Явган хүний болон дугуйн зам, олон нийтэд зориулсан гудамж, талбай, парк, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж гээд иргэдийн өдөр тутмын амьдралын чанарт нөлөөлдөг орчны төлөвлөлтийн ажлуудын ихэнхийг нь Энхтайваны болон Зайсангийн гүүрээс урагш хэсэгт хийсээр ирсэн гэхэд хилсдэхгүй. Төр үүнийг бодлогоор өөгшүүлэн дэмждэг гэхэд буруудахгүй. Та яваад, харьцуулаад үзээрэй. Хоёр өөр, эрс тэс орчин угтах вий. Сүүлийн жилүүдэд барьсан дугуйн зам, байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгийн хэчнээн нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгааг л бодоод, бүртгээд үзээрэй. Угаас зайсангийнхан нийслэлийн хамгийн онцгой байршилтай, уул, устай (Богдхан уулын хормой, Туул голын хөвөөнд) газарт тохиносны дээр ийнхүү бусдаас илүү “эрх ямба” эдэлсээр ирсэн юм. Тэгвэл хотын бас нэгэн гол суурьшлын бүс болоод буй Яармаг ч мөн замын урд, хойд хэсгээрээ хуваагдчихлаа. Сайтар ажвал, Яармагийн буюу Наадамчдын авто замын урд талд, Богдхан уул руу түрсэн хэсэг нь үнэтэй хаус хороолол, орон сууцын хотхоноор дүүрчихсэн. “Белмонте резиденс”, “VIP pезиденс”, “Сидар сити резиденс” гээд өндөр зэрэглэлийн, үнэтэй гэгдэх хотхоны ихэнх нь замын урд талдаа “шавааралдчихсан” байгаа.
Тэд “Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй, эрүүл орчинтой бүсэд байрладаг” хэмээн орон сууцаа сурталчлан борлуулдаг. Эдгээр хотхон, хорооллын оршин суугчдад зориулсан аль гайгүй орчинтой, сонголттой худалдаа, үйлчилгээний төвүүд ч Яармагийн замын урд талд нь “гарчихсан”. “Томё”, “Шинэ Монгол Харүмафүжи”, “Brirish school of Ulaanbaatar” зэрэг өндөр төлбөртэй хувийн сургуулиуд ч энэ хэсэгт байрладаг. Нисэх, Яармагийнхны салхилж, амарч зугаалах гол бүс болгохоор төлөвлөж, тохижуулж байгаа “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” мөн л тус хэсгийнхэнд илүү ойр оршдог. Нийслэлийн ЗДТГ-ын “гялтгар” барилга ч энэ бүсэд, үнэтэй хотхон, хорооллуудын төв цэгт бий. Харин үүний эсрэг талд нүд хужирлах барилга, байгууламж ховор. Зам дагуух хэсэг буюу нүүрэн талын эгнээнд орон сууцын хэдэн хотхон байдаг бол түүнээс цааших бүсэд гэр хороолол ярайж байна. Энэ байдлаас болоод яармагийнхны алхах зам, талбай, амарч зугаалах орчин нөхцөл, худалдаа, үйлчилгээний газрын сонголтоос эхлээд амьсгалах агаар нь хүртэл ялгаатай болчхоод буй. Яагаад гэвэл “өмнөд” хэсгийнхэн нь яг л зайсангийнхан шиг хамгийн таатай байршлыг нь сонгоод төвхнөчихсөн учраас тэр юм.
Яармагийг нийслэлийн хамгийн таатай байршилтай, дахин төлөвлөлтийг дэмжих бүс гэж үздэг байж. Үйлдвэр, үйлчилгээний газар цөөн, суурьшил багатай, агаарын урсгалын солилцоо сайтай учраас хотын хамгийн цэвэр орчинтой газарт тооцдог байсан гэх. Тийм ч учраас нийслэлчүүд энэ дэнжид нэгэн цагт найр наадмаа тэмдэглэдэг байсан гэлцдэг юм билээ. Харин одоо тус хэсэг бодлогогүй төлөвлөлтийн балгаар хотын хамгийн их түгжрэл, нягтралтай, замбараагүй бүс болж хувирчхаад байна. Үүнд одооноос анхаарахгүй бол ирээдүйд горьгүйднэ гэдгийг учир мэдэх хүмүүс анхааруулж эхэлсэн. Хот төлөвлөгч, инженер Н.Түмэнцэнгэл “Яармагт үүссэн нийгмийн ялгаатай байдлыг даамжруулах уу, таслан зогсоох уу гэдгийг шийдэх хариуцлагатай цаг үе тулж ирээд байна. Энэ үеэс бодлогоор анхаарч, төлөвлөлтийг нь тэнцвэржүүлэхгүй бол дараагийн Зайсан бий болох нөхцөл бүрдчихлээ. Тэнцвэргүй хөгжил нийгэмд ямар их стресс, хор уршиг авчирдгийг өнөөгийн улаанбаатарчууд сайн мэднэ” гэсэн юм. “Бүтээлч-100” холбоог үүсгэн байгуулагч, урбанист Э.Золзаяа “Мэргэжлийн бус хүмүүс Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засаж залруулах боломжийг үгүй хийж, нөхцөл байдлыг улам дордуулж буйн тод жишээ нь Яармаг. Төлөвлөсөн ёсоор Яармаг-Дарь-Эх чиглэлд тусгай замын автобус (BRT) нэвтрүүлж, газрын наймаа
цэцэглүүлээгүй бол суурьшлын сайхан бүстэй болж, нийслэлийн ачаа дарамт тэр хэрээр хөнгөрөх байсан”-ыг дурдсан. Яармагийн авто зам, гүүрийн даац, урсцаас нийслэлчүүдийн өдөр тутмын амьдрал ихээхэн хамаарч байгаа нь цаашид нөхцөл байдал улам хүндрэхийн дохио гэдгийг ч зарим нь сануулж буй. Аливаа зүйлийг алсаас, өргөн цар хүрээгээр харж чаддаг удирдлага, менежертэй хот бол Яармагийг энэ хэвээр нь, анхаарлын төвөөс гадна орхихгүй гэдгийг ч мэргэжлийн хүмүүс сануулсаар байна. Нийслэлийн үе үеийн удирдлагууд “Яармаг орчмыг бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлнэ” хэмээн ёс юм шиг ярьсаар ирсэн ч хэрэгжүүлж чадаагүй. Одоогийн хотын мээр “Яармагийг нийслэлийн хоёр дахь төв болгож, метро байгуулна” хэмээн ханхалзсаар буй ч нидэр дээрээ зам, гүүртэй зууралдахаас өөр зүйл хийж чадахгүй л яваа.
Тэгш бус төлөвлөлт, хөгжлийн ялгаатай байдал нь улс оронд олон сөрөг үр дагавар авчирдаг. Наанадаж иргэдийн амьдралын чанарын гол үзүүлэлт болсон эрүүл, аюулгүй орчны тэнцвэр алдагдана. Цаашлаад бусад бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжил орхигдож, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж муудна. Үүнийг дагаад иргэдийн дунд стресс, зөрчил ч нэмэгддэг байна. Энэ нь яван явсаар олон нийтийг хамарсан өргөн хүрээний тэмцэл, эсэргүүцлийн хөдөлгөөний үндэс суурь болсон жишээ ч цөөнгүй аж. Бразил улсын Сан Пауло, Энэтхэгийн Мумбай, Өмнөд Африкийн Кейптаун, Испанийн Барселона, АНУ-ын Портлэнд гээд нийгмийн давхаргын ялгаатай байдал, тэгш бус төлөвлөлт газар авсан хот дэлхий дахинд олон. Онцлог нь энэ “ангал” гүнзгийрэх тусам нийгэмд эмх замбараагүй байдал нүүрлэх эрсдэл нэмэгдсээр байдаг гэнэ. Дээрх хотууд бүгд энэ замыг туулж, дайрч гарчээ. Улаанбаатарчууд ч энэ замыг туулахгүй гэх баталгаа алга.