Манай улс 2015-2017 онд “Монгол орны хүлэрт намгийн стратеги төлөвлөлт” төсөл хэрэгжүүлэн, үндэсний хэмжээнд судалгаа хийгээд нийт хүлэрт намгийн 50 хувь нь ямар нэгэн хэлбэрээр доройтсоныг тогтоосон. Тэгвэл 2024-2027 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, албан ёсны нээлтийг нь уржигдар зохион байгуулсан “Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд доройтсон газруудыг нөхөн сэргээх ажлыг хийхээр төлөвлөжээ.
Тодруулбал, хүлэрт намаг бүхий 20 мянган га талбайг гурван жилийн хугацаанд нөхөн сэргээж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 594 мянган тонноор бууруулах зорилт тавьсан байна. Энэхүү төслийг Дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Олон улсын цаатны төв хамтран хэрэгжүүлэх аж.