БАРИМТ-1 Увс аймгийн Тэс сумын нутаг дахь Нарийны голд “HKB интернэйшнл холдинг” компанийн барьсан 325 метр бетонон гүүр дөрвөн жилийн нүүр ч үзэлгүй, ганц удаагийн борооны ая ч даалгүй нурж унасан явдал 2016 онд болсон. Түүнчлэн “Жаргалгүй 60 км” хэмээх нэрээрээ алдаршсан Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 371-431 км (Хүйтний хөндийн)-ийн засвар шинэчлэлийн ажил, Ховд, Баян-Өлгий аймгийг холбосон 189.7 км хатуу хучилттай авто замын ажлын нэг хэсгийг “HKB интернэйшнл холдинг” компани сунжруулан гацааснаас болж нийгэм, эдийн засагт багагүй хохирол учирсныг эх сурвалжууд хэлдэг.
БАРИМТ-2 Гурван парламент, Зам, тээврийн долоон сайдын “гар дамжсан” Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замыг хоёр урсгал, дөрвөн эгнээтэй болгож өргөтгөн шинэчлэх таван багц ажлыг бүгдийг нь хятад компаниудад даатгасан. Тодруулбал, I багцын ажлыг БНХАУ-ын “Хэйлон Жианжинье рөүд энд бридж”, II болон IV багцынхыг “Чайна стэйт Шинжиан констракшн инженеринг”, III багцынхыг “Гуйжоу Хайвэй”, V багцынхыг “Чайна жео инженеринг” компаниар гүйцэтгүүлэхээр шалгаруулсан. Гэвч эдгээр компани “Ковид-19” цар тахлаар далимдуулан ажлаа цалгардуулж, зарим нь “Ажиллах хүчгүй” гээд бараа сураггүй алга болчихсон гэдэг. Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон Д.Дамдинням гишүүн “Дарханы замын II болон IV багцын 90 орчим км замын ажлыг хариуцаж авсан “Чайна стэйт Шинжиан констракшн инженеринг” компани ажлаа хийхгүй алга болчихсон”-ыг мэдээлж, тухайн үед Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Л.Халтарт асуулга хүргүүлсэн юм.
БАРИМТ-3 Засаж шинэчлэх шийдвэр гаргасан хугацааг нь оруулбал долоон он дамжин сунжирсан Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замыг сонгуулийн өмнөх жилд яаран сандран, дутуу хагас ашиглалтад оруулсан билээ. Гэвч өнөөх зам нь өнгөрсөн хавар шар усны үерт автаж, хэд хэдэн хэсгээрээ эвдрэн тараа таниулсан. 80-81 км орчимд замын нэг урсгал нь тэр чигтээ цөмөрч хагаран, автомашин зорчих аргагүйд хүрснийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байв. Энэхүү хагарал үүссэн замын ерөнхий гүйцэтгэгчээр “Жунмэй инженеринг” групп ажиллажээ. Хятад компаниуд хэр чанартай зам тавьсныг энэ явдал тод томруунаар батлан харуулсан юм.
БАРИМТ-4 “Тамын-50” гэгдэх нэрээрээ алдаршсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км замыг мөн л БНХАУ-ын “Чайна жео инженеринг” хэмээх компани 2013-2015 онд барьсан. Хачирхалтай нь, уг замыг одоо хүртэл Улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй байгаа. Зураг төсөл боловсруулалт, гүйцэтгэл, хяналт гээд бүх шатанд нь алдаа гарсныг салбарын мэргэжилтнүүд нь зарлачихсан. Энэ хариуцлагагүй компаниас болж “Тамын 50”-ийг засаж шинэчлэхэд улсын төсвөөс дахин хөрөнгө мөнгө гаргахдаа тулчихаад буй. Хамгийн харамсалтай нь, чанар, стандартын наад захын шаардлага хангадаггүй, хар цэг болсон энэ зам орон нутгийн иргэд, зүүн аймгийнхны хувьд “эрлэгийн элч” болчихоод байна. Дорнод аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн болж дэвшсэн М.Бадамсүрэн “Тамын 50”-ийг барьсан компанийн удирдлага, тэднийг сонгон шалгаруулсан албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т хандаад буй билээ.
Энэ мэтчилэн дурдвал БНХАУ-ын компаниудтай холбоотой балаг их. Тэд манай улсын авто замын салбарт зарласан тэрбум тэрбумын төсөл, тендерийг эзэрхийлэн авдаг ч нүд хуурсан чанаргүй бүтээн байгуулалт хийж, дааж авсан ажлаа хугацаанд нь дуусгалгүй сунжруулж, монголчуудыг нийтээр нь хохироосоор байна.
Дээр дурдсан Нарийны голын гүүрийг гэхэд улсын төсвийн 5.3 тэрбум төгрөгөөр барьсан гэдэг. Дархан-Уулын замын ажилд Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, зээлийн банкны эх үүсвэрээс нийт 227 сая ам.доллар буюу 700 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн тооцоо бий. “Тамын 50”-ийг барихад улсын төсөв болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 12.6 тэрбум төгрөг зарцуулсан баримт байдаг. Хятад компаниудын авсан гуравхан тендерийн цаана л ийм их хэмжээний мөнгө яригдаж байна. Үүний цаана өөр өчнөөн ажил бий гээд бодвол бид гаднын компаниар ажил хийлгэх нэрийдлээр улсын төсвөөс хэр их хэмжээний мөнгө урсгадгийг баримжаалах боломжтой. Хамгийн гол нь хийсэн ажил нь чанаргүй, хэдхэн сар, жилийн настай байгаад л хамаг учир бий. Гэтэл манай улсын бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс, холбогдох байгууллагынхан энэ бүхнийг харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдээгүй юм шиг аягласаар байна. Чанаргүй ажил хийсэн компаниудад хариуцлага ч тооцож чадахгүй байгааг та, бид харж байна. Харин ч бүр тэднийг илүү их дэмжих бодлого баримтлаад байна уу гэлтэй хамаг том төсөл, тендерүүдээ “бэлэглэсээр” удлаа. “HKB интернэйшнл холдинг” хэмээх компанийн нэрийг дуулаагүй хүн манай улсын зам, барилгын салбарт ховор гээд хэлчихэд хилсдэхгүй. Учир нь тус компани Монголд зарласан авто замын тендерүүдийг “хуу хамдаг” болоод удаж буй, манайхан ч байдгаа барьж гүйсээр багагүй цаг хугацаа өнгөрч буй гэх.
Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын таван багц ажлыг бүгдийг нь хятад компаниудад олгосон байх жишээтэй. Ингэхдээ өмнө нь чанаргүй зам барьсан “Чайна жео инженеринг” компанийг ч гүйцэтгэгчээр шалгаруулсан. Өмнөх балгийг нь мэдсээр байж дахин ажил даатгана гэдэг бол алдааг нь хүлээн зөвшөөрч, хариуцлагагүй байдлыг нь өөгшүүлж буй хэрэг юм. Төсвийн хөрөнгөөр хийж байгаа төрийн ажлууд тендерээсээ эхлээд будилаантдаг нь нийгэмд нэгэнт эл доль болсон. Сонгон шалгаруулалтыг нь нээлттэй зарлаж буй мэт дүр эсгээд хөшигний цаана хамаг “хороо найруулдаг”. Авто зам, замын байгууламжийн ажлын тендерийг олон улсын хэмжээнд нээлттэй зарлах нэрийдлээр хятад компаниудад “давуу байдал” олгодог явдал сүүлийн жилүүдэд бүр ч гаарлаа. Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт хүртэлх 124.5 км хатуу хучилттай авто замын, 189.4 тэрбумын төсөвт өртөгтэй ажлын тендерийг хятад компанид хууль зөрчин олгосныг, ерөөсөө манай улс өмнөд хөршийн компаниудад л зориулж тендер зарладаг болсныг “Пик деволопмент” компанийн төлөөллүүд хэвлэлийн хурлаар зарлаж байв. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл аймагт 37.9 км зам барих гүйцэтгэгчээр шалгарсан “Бээжин юни констракшн групп”-ийнхэн цар тахлаар далимдуулан ажлаа яаж цалгардуулсныг уншигчид мэдэх буй за. Салбарын сайд, дарга нар нь байсхийгээд л Хөвсгөлд очиж, гүйцэтгэгч компанийнхныг “загнадаг” ажилтай болсон байсан шүү дээ. Бодит нөхцөл байдал ийм л буй. Хэрэв бид энэ гажуу тогтолцоог засаж залруулахгүй бол хятад компаниуд зам нэртэй “там” барьсаар, татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий урсгаж, нийгэм, эдийн засагт үлэмж их хэмжээний хохирол учруулсаар л байх нь. Гадаадын компаниуд л чанартай ажил хийдэг, чадамжтай байдаг гэж ойлгодог, тэднийг хий хоосон шүтдэг хандлагаа өөрчлөх цаг болсныг авто замын салбарт хэрэгжүүлж буй төслүүд харуулж байна.