-Элчин сайд, дипломат зочдыг урьчхаад гадаадын хөрөнгө оруулалтын талаар ганхийсэнгүй дээ, УИХ-
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган өчигдөр 79.4 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ҮАБЗ-ийн дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагууд, нийслэлийн удирдлагууд болон Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм. Харин маш олон сонирхолтой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж, 100 гишүүнтэйгээр “салхиа хагалсан” намрын чуулганаар Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд үг хэлээгүй нь сонирхолтой.
УИХ-ын энэ удаагийн намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжууд нь ирэх дөрвөн жилийн хөгжлийн ерөнхий хандлага, эдийн засгийн өсөлтийг тодорхойлох тул УИХ-ын зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх мега төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнг нарийвчлан судалж, өмнөх алдаа, сургамжаа эргэн санаж, ирээдүйд болох эрсдэлийг урьдчилан тооцож, ул суурьтай хандах шаардлагатай байна” гэсэн юм.
УИХ-ын даргын энэ үг тун удахгүй хэлэлцэж эхлэх Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замыг холбох, үүний тулд 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх цаг үеийн нөхцөл, шаардлагатай тулгараад байгааг сануулсан болов уу гэсэн таамаглал төрүүлэв. Учир нь Засгийн газрын зарим сайдын зүгээс эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд дээрх асуудлаар УИХ-аас дэмжлэг хүсэхээс аргагүйд хүрснээ удаа дараа илэрхийлсэн. Мөн “Орано майнинг”-тай хийх хөрөнгө оруулалтын гэрээг ирэх арванхоёрдугаар сард багтааж байгуулахаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд амласан. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлэх мега төсөл, хөтөлбөрүүдийн олонхыг УИХ-аар заавал хэлэлцэн батлах учраас гараан дээр нь сануулаад анхааралтай хөдлөх нь чухал. Олон нийт, сонгогчдын хувьд УИХ-ын даргын хэлсэн үгнээс юу хүлээсэн бол? Юуны өмнө геостратегийн өрсөлдөөн дундах Монголын төр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарынханд юу амлаж чадах вэ? Хууль тогтоомжоо тогтвортой байлгаж чадах уу гэдэг л хамгийн их анхаарал татаж байв. Гэтэл УИХ-ын стратеги төлөвлөгөөнд багтсан “Хүн төвтэй хууль”, “Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль”, “Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль” гэсэн эрх зүйн орчны “гурван төгөлдөршил” дунд энэ талаар огт дурдсангүй. Өнөөх л хүнд суртал, хууль хэрэгждэггүй байдал, хуулиасаа олон болчихсон журмаа цэгцлэх хий хоосон шүүмж, парламентаа ил тод, нээлттэй байлгах тухай л үг хэлчихлээ.
Зүй нь түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болсон энэ парламент хөрөнгө оруулагчдыг татах, хориг саадаа арилгаад хаалгаа нээвэл хамгийн таатай үе яах аргагүй мөн билээ. Гэтэл анхны намрын чуулганы нээлтдээ Элчин сайд нар, дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагын зочид, төлөөлөгчдийг урьчхаад хууль, эрх зүйн тогтвортой байдлыг амлаж, хөрөнгө оруулагчдыг төрийн нэрийн өмнөөс урин дуудаж чадаагүйд харамсах ч шиг. Тэгэхээр УИХ-ын стратеги төлөвлөгөөн дэх “гурван төгөлдөршил” зөвхөн “тогоон доторхоо цэгцлэх” дотоод асуудал болж таарлаа. Бүтэн дөрвөн жил төрийн эрх барих байгууллагын хамгийн эхний чуулганыг хийхдээ дэлхий дахинд “дотоодоо засах” дохио л өгч байна гэдэг нь хөгжил дэвшлийн сэргэлтийн хувьд чих тавин чагнах гадаадын хөрөнгө оруулагчдад “Монгол найдваргүй ээ” гэсэнтэй адил биш гэж үү?
Дотоод асуудлыг нь сонирхоод үзэхэд ч гавьтай үгс байсангүй. УИХ-ын дарга нь “хууль хэрэгжихгүй бол тунхаг болдог” гэж сургамжлах, “УИХ-ын гишүүд та бүхэн асуудлыг жижиг гэлтгүй мэдэрч ажилла” гэж захих зэрэг нь хачирхалтай л санагдлаа. Тэрбээр өөрөө УИХ-д анх удаа сонгогдсон. Тэгээд хуулийн чанар шүүмжилж байгааг бодоход энэ удаагийн парламент тун ч чанарлаг хуулиудыг батлах өндөр босгыг өөрсдөдөө тавилаа гэж ойлгоё. Ямартай ч эвийг эрхэмлэж, эрх ашгийн эрэмбээ санаж, ёс зүйтэй хамтран ажиллахыг УИХ-ын эрхэм гишүүд, Засгийн газар, бүх шатны төрийн байгууллагынхандаа уриалсанд нь сонгогчид “нэмэх оноо” өгнө гэж найдъя.
У.ОРГИЛМАА