Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүсийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон хоёр улс дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авлаа. Үүний дараа Вьетнамын тэргүүнийг албан ёсоор угтах үйл ажиллагааг нийслэлийн төв талбайд зохион байгуулж, хүндэтгэл үзүүлэв. Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн ордны хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурав. Ингэснээр Монгол, Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад хийж буй Вьетнамын Төрийн тэргүүний айлчлал албан ёсоор эхэлсэн юм.
Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын Төрийн тэргүүн нар ганцаарчлан уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх албан ёсны хэлэлцээ хийсэн. Түүнчлэн Монгол, Вьетнам улсын холбогдох салбар хариуцсан сайд, дарга нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тодруулбал, хууль зүй, аялал жуулчлал, зам, тээврийн салбарт хамтран ажиллах, кибер аюулгүй байдлыг хангах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт сайд нар гарын үсэг зурлаа.
Мөн Монгол, Вьетнам улсын нийслэл болон шинжлэх ухааны төв байгууллага, их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг холбогдох албаны хүмүүс үзэглэв. Хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэхэд талууд онцгой ач холбогдол өгч буйгаа тэмдэглэсэн юм. Үүний хүрээнд ирэх жилүүдэд хууль тогтоомжийн төсөл боловсруулахад шаардлагатай урьдчилсан судалгаа хийх, нийгэм, эдийн засгийн нөлөөллийг тогтоох, эрх зүйн нэгдсэн системийг төгөлдөржүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Н.Мишээл