НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулган энэ сарын 24-нд Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд эхэлсэн билээ. Чуулганы ерөнхий санал шүүмжлэл “Хэнийг ч үл орхигдуулах: Одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн дор энэ сарын 30 хүртэл үргэлжлэх юм. Дэлхийн 88 улсын Төрийн тэргүүн, гурван улсын Дэд Ерөнхийлөгч, 35 улсын Засгийн газрын тэрүүн, зургаан орны Шадар сайд зэрэг дээд өндөр түвшний төлөөлөгч үүнд оролцож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзжээ. Тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хөндөж, НҮБ Монгол Улсыг тууштай дэмжиж ажилладагт талархлаа илэрхийлэв.
Түүнчлэн Улаанбаатар хотноо Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурлыг амжилттай зохион байгуулсан талаар мэдээлэл өгч, НҮБ-тай харилцаа, хамтын ажиллагааг бүх чиглэлд бэхжүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2026 онд Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын XVII бага хурлыг онцолж, бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ тэмдэглэлээ. Мөн тэрбээр “Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлогоо амжилттай хэрэгжүүлж, мөнхийн хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагааг тэнцвэртэй бөгөөд эрчимтэй хөгжүүлж байгаа нь бахархууштай” хэмээжээ. Түүнчлэн Монгол Улс нь НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн чухал гишүүн, бүс нутгийнхаа улс орнуудын харилцан ойлголцол, итгэлцлийн гүүр болж байгааг тэмдэглэв. Үүний сацуу НҮБ нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, бэхжүүлэхийн төлөө байгааг илэрхийлсэн байна.
Ч.Туяа