Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар болсон билээ. Үүний хүрээнд өнгөрсөн баасан гарагт Баянзүрх, Хан-Уул дүүргийн улсын болон хувийн сургуулийн 50 эмч, нийгмийн ажилтныг чадавхжуулах сургалтад хамруулжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яам, “Орбис” олон улсын байгууллагын нүдний мэргэжлийн эмч нар сурагч багшаар ажиллаж, зургаан настнуудын харааг хэрхэн шалгах зөвлөгөө, мэдээллийг өгсөн байна.
Тухайлбал, хол, ойр, стерео хараа шалгах аргачлал, харааны асуудалтай хүүхдийг дараагийн шатлалд илгээх журам зэргийг танилцуулжээ. ДЭМБ-ын судалснаар сурагчдын хараа муудах тэргүүлэх шалтгаан нь засагдаагүй хугарлын гажиг болж буй аж. Энэ нь ойрын жилүүдэд огцом нэмэгдэх хандлагатай гэнэ. Тиймээс хүүхдийг бага наснаас нь нүдний үзлэгт хамруулж, тохирсон шил зүүлгэж, эсвэл эмчилснээр хараа хамгаалах тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байна. Мөн сургалтын үеэр 12 настай 76 сурагчийн харааг шалгаж, мэдээлэл, зөвлөгөө өгчээ. Цаашид нийслэлийн 277 сургуулийн эмч, нийгмийн ажилтанд хараа шалгах аргачлал болон эцэг, эх, хүүхдүүдэд нүдний эрүүл мэндийн боловсрол олгох гэнэ.