Өсвөр үеийнхний дэлхийн аварга, ОУИМ Б.Есүй орон нутагт 100 буудалт даамын спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Тэрбээр ээжийнхээ төрсөн нутаг болох Говь-Алтай аймгийн Тайшир сумын ерөнхий боловсролын сургуульд сургалт явуулж, даамын ном, хэрэглэгдэхүүн материалаар хангаж, нэг танхимыг нь тохижуулжээ. Б.Есүй энэ жил болсон Азийн АШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд амжилттай оролцон, ирэх жил зохион байгуулах эмэгтэйчүүдийн даамын ДАШТ-д өрсөлдөх эрх өвөртөлсөн билээ.
Түүнээс гадна ОУИМ, дасгалжуулагч Г.Ганжаргал нийслэлийн ерөнхий боловсролын 88 дугаар сургуулийн 60 жилийн ойд зориулан оюуны спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, тус бүр 10 даам, сандал, ширээ, цаг бэлэг болгон АНУ-аас илгээсэн байна. Тэрбээр тус сургуульд суралцаж төгссөн бөгөөд 13 настайдаа Казахстанд болсон олон улсын нээлттэй тэмцээнд II байр эзэлж, дараа жил нь өсвөр үеийнхний ДАШТ-ээс мөнгөн медальтай эх орондоо ирж байв. Түүнчлэн 2012 онд Азийн АШТ-д түрүүлж, ОУИМ цол хүртсэн юм.