Ганц хүнд хэтийдсэн зовлон шаналал гэж байдаггүй. Зарим хүн зовлон даахаас жаргалыг үгүй гэнэ. Үзэх байтугай уншихад дотор харанхуйлам үхэл хагацалтай, бөөн бөөн хоосон нулимс үзүүлсэн кино, жүжиг их л байна шүү дээ. Гэхдээ зайлшгүй туулах зовлонг оргүй хоосноос орчлонд “шидэгдэж” ирээд бүдчиж яваа хөөрхий хүн хэмээх догмагаас арай өөрөөр илэрхийлж, уншигч, үзэгчдэд жинхэнэ агуулга толилуулах нь зохиогчийн утга зохиолын арга барилтай холбоотой буюу. “Ер нь ингэж амьдрахаар үхээд өгье” гэх ацан шалаанд орсон бол үхээд л өгөх нь хамгийн зөв, дардан зам баймаар. Гэхдээ нүдэн дээр амьдрал нь алга эргүүлэх шиг хөмөрч байхад хүлцэж, туулж оршино гэдэг заяагдмал эр зориг аж.
Зохиолч Г.Аюурзанын хэлснээр хамгийн олон шувуу буцаж, тэнгэр цэлмэдэг аравдугаар сар “Амьдрахуй” жүжгээр эхэллээ. Жүжиг үзэх ер нь их сонин зүйл. Тал талаас цугласан хүмүүс амьдралынхаа аар саар асуудлуудыг мартаад, тайзны хэмнэлд амьсгаа даран сууна. “Орфей” театрынхан тогтсон хэдэн хүнээс бүрддэг. Тогтсон хэдэн хүн гэдэг нь тогтсон ойлголцол, нягт санаатай болсон гэсэн үг. Уран бүтээлээрээ танигдаж яваа эл театрын ээлжит жүжгийг үзэх нь үзэгчдэд шинэ найруулга, шийдэл, заримдаа гэнэтийн бэлэг эрэхэд хүргэж буй. Байгуулснаас хойш гурван жил өнгөрч буй эл театрынхан одоогоор “Гэм зэм”, “Фауст”, “Опал”, “Шөнө дундын бүжиг”, “1984” зэрэг уран бүтээлээ толилуулаад байна. Тэдэнд нэг онцлог бий. Уламжлалт театрыг шинэ урсгал, шийдэлтэй хослуулж, шинэ жүжиг бүрээрээ “гэнэтийн бэлэг” барьдаг нь. Тэдний энэ намрын ээлжит уран бүтээл бол Дорнын “Амьдрахуй”.
Хятадын уран зохиолыг уншихад түүний цаана зөөлөн гуниг, ялдам байдал мэдрэгдэх нь бий. Үй Хуагийн “Амьдрахуй”-тай манай орны уншигчид аль зургаан жилийн өмнө танилцжээ. Шилдэг борлуулалттай номын эгнээнд одоо ч багтсаар буй тус бүтээлд Хятадын нийгмийн хүнд хэцүү үеийг Фуй Гүй хэмээх эрийн амьдралаар төлөөлүүлэн хүүрнэж, хүн зовлонт амьдралаас юу эрдэг вэ хэмээх асуултын эрэлд уншигчийг татсанаараа онцлог. Эл зохиолын талаар олон ч шүүмж, сэтгэгдэл хөвөрсөн. “Нэпко”, “Тагтаа” хэвлэлийн газар хамтран өнгөрөгч оны наймдугаар сард Үй Хуа зохиолчийг Монголд урьсныг уншигч та санаж буй байх. Тиймээс манай уншигчид уг зохиолчтой нэвт шувт танилцсан гэхэд буруудахгүй болов уу. Шимтэж уншсан ном минь жүжиг болох нь гэж баярласан хүн ч цөөнгүй байна. Харин энэ суурин хотын иргэдэд дан Өрнийн бүтээл толилуулсаар ирсэн найруулагч М.Батболд эл зохиолыг хэрхэн дэглэсэн нь сонирхол татлаа.
Манай зарим найруулагч эх зохиолыг хэтэрхий гял цал болгож, гоёчлох гэж байгаад үндсэн утга санааг нь төөрүүлж, танигдахын аргагүй энгэсэг түрхчихдэг талтай. Харин М.Батболдод нэг чанар бий. Тэрбээр эх зохиолчийн илэрхийлэхийг хүссэн агуулгыг гажуулалгүйгээр гол үзэл санааг нь толилуулж чаддаг. Магад ингэхдээ хайр сэтгэлийн хүүрнэл, агуулгыг дайвар маягаар л шигтгэдэг. Харин “Амьдрахуй”-г үзсэний дараа тэр энэ удаад хөнгөн сэтгэж, урсгал ус шиг байя гэж бодсон мэт санагдав. Ийм хүнд зохиолд шүү дээ. “Гоё бүтээл байна, зөндөө их уйллаа” гэдэг шог үг бий дээ. Гэхдээ энэ төрлийн эмгэнэлт явдал ихтэй, бэрхшээлийг харуулсан бүтээлийг үзсэний дараа үзэгчид жүжгийн агуулгыг ойлгосон уу, эсвэл сэтгэл нь хөдөлж, уйлсаар байгаад гарч ирэв үү гэдэг нь бодох л ёстой асуудал.
Фуй Гүй, түүний эхнэр Жя Жэн нарын хэсэгт үл ойлголцол, мухардлыг дүрслэхдээ аварга том хийлсэн бөмбөгнүүдийг туслах жүжигчид нааш цааш нь шидэлцдэг. Энэ шийдэл жүжгийн зарим хэсэгт туйлын тохиромжгүй, үзэгчдийг залхаахад хүргэсэн. Хятадын зохиолыг жүжигт хувиргасан нь зөвхөн “Амьдрахуй” биш. Хятадын нэрт зохиолч Чүн Ёогийн “Сэрүүн хасын нууц”, Цао Юйгийн “Аянгын бороо” тэргүүтэй жүжиг монгол үзэгчдэд хүрч байв. Гэхдээ ийм төрлийн зохиолоор жүжиг тавихад шаардлагатай л биш бол сунжруу дэглэх дэмий. Нэг жүжигт бүх агуулгыг илэрхийлж, цогц байлгах гэсэн санаанаас л ийм алдаа үүсдэг. “Амьдрахуй”-н Ван Шигийн өгүүлэмж, Жя Жэн, Фуй Гүйгийн зарим хэсэг сунжруу бөгөөд өнгөрсөн, одоо цагт болж буй үйл явдлуудыг зэрэгцүүлж үзүүлсэн нь бас л бүх санааг нэг дор хэлэх гэснээс үүссэн алдаа байлаа.
М.Батболдын ачааг хуваалцах дараагийн хүн бол жүжгийн зохиолч, тус романы орчуулагч М.Батбаяр. Жүжгийн зохиолчийн хийх гол ажил бол зохиолыг тайзнаа амилуулж, дүр хөгжүүлэлтийг нарийн гаргаж өгөх байдаг. Жүжгийн турш дүрүүдийн монолог, хэлсэн үг, өгүүлбэр бүр үнэхээр гайхалтай гэж хэлнэ. Манай жүжигчид ч дүрээ чамбай “амилууллаа”. Монгол хэлний хэл найруулгын хувьд үнэхээр ахисан түвшнийх. Диалог маш сайн. М.Батбаяр “Амьдрахуй”-г өөрийн юм шиг орчуулсан нь ч эл бүтээлийн амжилттай холбогдох биз. Харин тэд жүжгийг хөрсөн дээр буулгах нэрээр тэр чигт нь “монголчилсон” зүйл байсангүй. Гэхдээ тэр зүгээр л үзэгчдийг уйлуулах бус, маш их эмзэглэл хүргэе гэж бодсон байж магадгүй. Ингэснээрээ үзэгчдэд хүссэнийг нь өгөх буюу тэдэнд ялсан мэдрэмж төрүүлж байгаа юм. Тэр өөрт оногдсон ажлаа яг таг хийснээс гадна найруулагчтайгаа ч сайн ойлголцжээ.
Уншигч, үзэгчдэд хоногшсон бүтээлд дүр сонгон шалгаруулна гэдэг амаргүй даваа. Дүрд оногдсон жүжигчин ч багагүй дарамт мэдэрнэ. Жүжгийн гол дүр болох Фуй Гүйд Гавьяат жүжигчин Д.Баттөмөр, түүний аавд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, эхнэр Жя Жэнд Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, түүний аавд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар тоглохоор байв. Д.Баттөмөрөөс эхэлье. Найруулагч М.Батболдын “Опал” жүжигт Гавьяат жүжигчин Н.Онон, “Гэм зэм”-д П.Эрдэнэзаан нар ажилласан. Үзэгчдэд нэг л хэв маягийн дүрээрээ танигдсан жүжигчин тэр хайрцгаасаа гарах амаргүй. Үзэгчид түүнийг өнөөх л хоногшсон дүр төрхөөр нь харж, шинжээд байдагт асуудал бий. Түүнд автаж, өөрийгөө нөгөө л мафийн эзэн, хөөрхөн хүүхэн, гэмт хэрэгтэн, архичны дүрд “уясаар” яваа олон л уран бүтээлч байна шүү дээ.
М.Батболд “хошин шогийн” гэх тодотголтой олон жүжигчнийг классик драмд сорьж байгаа. Жүжигчнээс цаад мөн чанарыг нь олж харах нүд ингэж л бодит тусгалаа олдог билээ л. Энэ нь дээрх хэвшмэл санааг эвдэж, түүгээрээ үзэгчдэд нөлөөлж буй хэлбэр. “Амьдрахуй”-н гол дүрд ажилласан Д.Баттөмөр танхимд үзэгчдийг уях нэг шалтгаан яалт ч үгүй мөн байлаа. Гэхдээ “Ядуу тариачин Фуй Гүйгийн дүрд яагаад ийм алиа марзан хүнийг тоглуулж байгаа юм бэ” гэсэн шүүмжлэл ч гарч байв. Гэсэн ч тэр ямар ч маргаангүй дүрээ тултал “урласан”. Жүжгийнхээ ньюансыг хамгийн сайн мэдэрсэн нь тэр.
Удаах нь Жя Жэн. Дүрүүдэд тоглох жүжигчдийг олон нийтэд танилцуулж эхлэх үед “Дахиад л Д.Ганцэцэг гэж үү” гэж халагласнаа нуухгүй. Сүүлийн жилүүдэд тэрбээр театрын жүжгийн гол дүрд түлхүү ажиллаж байна. Тэрбээр энэ удаад ч өөрт оногдсон дүрээ маргаангүй урласан. Үзэгчдэд хүчтэй сэтгэгдэл төрүүллээ. Гэхдээ театрын байнгын үзэгч бол Д.Ганцэцэгээс заримдаа залхаж байх шиг ээ. Дуу, сонсогдох байдал жүжгийн чухал хэсгүүдийн нэг. Харин энэ удаад хөгжим, микрофоны дуугаралт нэлээд асуудалтай байв. Дуу царгиж, пажигнах үеэр үзэгчдийн анхаарал сарниж, жүжигчний монолог, агуулгыг ойлгоход хүндрэлтэй байсан болов уу.
М.Батболд нэгэн ярилцлагадаа “Амьдрахуй”-г импрессионист драм гэж тодорхойлсон байв. Энэ нь сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмж, драматик зөрчилдөөнийг чухалчилж, цаг хугацаа, орон зайн тодорхойгүй урсгалаар аялуулна гэсэн үг. “Амьдрахуй”-н тулах цэг чинь энэ шүү дээ. М.Батбаяр, М.Батболд нар зохиолдоо бүрэн “үйлчилж”, хөнгөн бөгөөд нямбай ажиллажээ. Жя Жэн аавдаа “Амьдрал бол будаа, тос, давс, цай, цуу, түлээ. Түлээ галын ундарга, будаа өлсөж цангахгүй байхын эхлэл, тос, давс, цай, цуу бол амьдралын амт. Үүнээс илүү амьдралын амт надад хэрэггүй, аав аа” хэмээдэг. Жаргалд ташуурах, зовлонд туучихын алинд ч ард нь гарах итгэл бидэнд хэрэгтэй. Хүнд үхэх бус, амьдрах эр зориг л дутдаг билээ.
Д.ХҮСЛЭН