Ойрхи Дорнодод байдал тун эвгүй, дайн дэгдэхэд бэлэн байна. Израил ахуйн техник ашиглаж алан хядах довтолгоо эхлүүлээд дараа нь Өмнөд Ливаныг бүхэлд нь пуужингаар харвав. Тус улс Газын зурваст хоморголон хядаж байсан үйлдлээ Ливанд үргэлжлүүллээ. Израилын шөнө өгсөн цохилтод өртөж наад зах нь 13 хүн амиа алдаж, 11 иргэн шархадсан гэж Ливаны Эрүүлийг хамгаалах яамнаас мэдээлэв. Зэвсэгт хүчин нь Ливаны нутагт хуурай замаар довтлохоор зэхэж байна гэж Израилын армийн командлагч Герци Халеви урьд нь мэдэгдсэн бол Америк, Британи болон бусад холбоотон нь 21 хоноггалаа зогсоохыг уриалав. Тэгвэл мөнөөх Халеви цэргийнхээ ангиудаар явж байхдаа нисэх хүчин нь хуурай газраар довтлох бэлтгэл болгож агаараас өгөх цохилтоо үргэлжлүүлнэ. Ингэснээр Израилын умард нутагт оршин суугчдад“Хезболла” аюул учруулна гэж эмээхгүйгээр орон гэртээ буцаж харих боломжтой болно гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн лхагва гаригт Ливаны бүх нутаг дэвсгэрт Израилын нисэх хүчний өгсөн цохилтод өртөж 50 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархадлаа гэж Ливаны тал бас мэдээллээ. “Хезболла” бүлэглэл хариуд нь Израилын Тель-Авив хот руу анх удаа баллистик пуужин харвасан ч замд нь устгасан, хохирол учруулж чадаагүй хэмээн Израилын армийн төлөөлөгч сэтгүүлчдэд хэлсэн байна.
Тель-Авивын захад байх Израилын тагнуулын байгууллага“Моссад”-ын штабыг онилсноо “Хезболла” нотолсон. “Хезболла”-гийн гишүүдийн ашиглаж байсан пейжерүүд дэлбэрсэнд “Моссад” буруутай гэж Ливаны эл бүлэглэл үзэж байгаа аж. Гурван долоо хоног эвлэрэл зарлаж, энэ хугацаанд зөрчил тэмцлээ энхийн арга замаар зохицуулахыг хичээхийг Европын Холбоо болон бусад 11 улс хамтарч уриалсан юм. Дэлхийн ихэнх улсын удирдагч оролцож буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр гаргасан мэдэгдэлд Израил, “Хезболла”-гийн хооронд үүссэн байлдааны ажиллагаа тус бүс нутагт шатлан өргөжих аюултай байгаа нь Израилын ч, Ливаны ч ашиг сонирхолд нийцэхгүй хэмээн өгүүлжээ. Уг мэдэгдэлд АНУ, Франц, Британи, Герман, Итали, Япон, Канад, Австрали, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Катар болон Европын Холбооны гишүүн орнууд гарын үсэг зурсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар тусдаа мэдэгдэл гаргаж, энхийн аргаар зөрчлөө зохицуулахыг уриалсан юм. Ливаны асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэхийг Франц урьд нь санал болгосон. Израил Ливанд даваа гарагт цохилт өгч эхэлсэн юм. Цохилтоо “Хезболла”-гийн дэд бүтэц болон түүний удирдагчдад чиглүүлнэ гэж Израилын эрх баригчид мэдэгдсэн билээ. Цэргүүд нь “Хезболла”-гийн эсрэг цохилтоо үргэлжлүүлнэ. Энэ бүлэглэл Ливаныг “ангалын ирмэгт аваачиж байна” шүү дээ. Бид та нартай биш, “Хезболла”-тай л дайтаж байгаа гэж Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху хэлсэн байна. Зөвхөн Вашингтон л байлдааныг зогсооход тусалж чадна гэж Ливан үзэж байгаа юм. Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга, хатагтай Сабрина Сингх байдлыг ойрын үед “дипломат аргаар зохицуулах боломжгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Дэлхий нийт Ливаныг бас нэг Газын зурвас болгохыг зөвшөөрөхгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш хэлжээ. “Хезболла”-гийн байрлалд хүчтэй цохилт өгснөөр их хохирол үзүүлж, улмаар Газын зурваст ХАМАС-ыг дэмжиж буй тус бүлэглэл Израилын эсрэг идэвхтэй үйлдлээ зогсооно гэж Израилын цэргийнхэн тооцоолсон аж.
Израилын улс төрчид, генералуудад ялалт хэрэгтэй байгаа. Газын зурвас дахь дайн нэг жил үргэлжилж буй, хэзээ дуусахыг таамаглах аргагүй. 1990-ээд онд Израил хилийн дагуу Ливаны ихээхэн газар нутгийг эзэлж авснаа 2000 онд цэргээ “аюулгүй бүс” гэж нэрлэсэн хэсгээс гаргасан байдаг. Одоогийн байлдаан Ливаны энгийн хүн амд гамшиг болж байна. Израилын хувьд “Хезболла” нь ХАМАС-аас илүү дайсан болж хувирав. Вашингтонд байдаг Стратегийн олон улсын судалгааны төвийн үнэлгээгээр “Хезболла” үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог 30 мянга орчим дайчидтай, нөөц хүчний 20 мянга шахам хүнтэй аж. Дайчдынх нь дотор Сирийн Башар Асадын дэглэмийг дэмжиж байлдааны ажиллагаанд оролцож байсан туршлагатай хүн олон. “Хезболла”-г Израилын хотуудыг устгах чадалтай 120-200 мянган пуужин, тийрэлтэт зэвсэгтэй гэж үздэг. Тэгэхдээ Израилын агаарын цэргийн хүчин нь Газын зурвасын адил бүхэл бүтэн хот, суурингуудыг балгас болгож, энгийн олон мянган иргэнийг хөнөөхөөс болгоомжилж эдгээр зэвсгээ хэрэглэхгүй болов уу хэмээн Израил тооцоолж байгаа аж. Гэлээ ч Израил устгаж орхихоос урьтаж “Хезболла” зэвсгийн нөөцөө идэвхтэй ашиглах боломжтой юм. Тус бүлэглэлийг олон жил удирдсан Хасан Насралла алагдсан нь дайныг шатлан өргөжүүлэхэд хүргэж байна. Эл бүс нутгийн өргөн цар хүрээтэй, сүйтгэл ихтэй дайнд Иран, АНУ ч татагдан орж болзошгүй юм. Тэгэхдээ “Хезболла”-гийн дээд командлалын 10 гаруй хүн алагдаж, үндсэндээ удирдлагагүй болсноос түүний тэнхээ сайнгүй боллоо. Харилцаа холбооны хэрэгслүүд, нөөц нь ч устгагдав. Израилын цохилтод Ливаны өмнөд, зүүн нутагт, нийслэл Бейрутийн хаяа хотуудад байдаг “Хезболла”-гийн гол цайз өртсөн юм.
“Хезболла”-гийн удирдагчийн орлогч Наим Кассем Израилын хуурай газраар явуулах байлдааны аливаа ажиллагаанд бид бэлэн, тулаан сунжрах болно гэж мэдэгдлээ. Газын зурвас, Палестиныг дэмжихээ үргэлжлүүлнэ гэж тэр бас хэлсэн байна. “Хезболла”-г бүтцийн сайн зохион байгуулалттай, аль нэг улсад харьяалагддаггүй хамгийн хүчирхэг арми гэж үздэг. Насралла амиа алдсанд “Хезболла”-гийн эртний ивээгчийн хувьд Иран улс ихэд эмзэглэн, таван өдрийн гашуудал зарлаж, дээд удирдагч аятолла Али Хаменеигээ аюулгүй газар байрлуулан, урьдчилан сэрэмжлэх арга хэмжээнүүдийг яаравчлан авав. ХАМАС-ын удирдагч Исмаил Ханиягийн амь насны хариуд Иран ямар нэг үйлдэл хийгээгүй, Насраллаг хөнөөсөн нь тус улсын удирдлагын уур хилэнг бүр их хүргэсэн ч Тегеран одоогоор хүлээцтэй байдлаа хадгалсаар буй юм. Ливан хийгээд Газын зурвас руу цэргээ илгээх гээгүй, тийм шаардлага байхгүй гэж үзэж байгааг Ираны Гадаад хэргийн яам зарласан. Гэхдээ төрийн аливаа хэрэгт сүүлчийн үгийг нь хэлдэг аятолла Али Хаменеи “Насраллагийн үхэл дэмий өнгөрөхгүй” гэж, Дэд Ерөнхийлөгч Мохаммад Реза Ареф нь “Энэ явдал Израилыг устгахад хүргэнэ” хэмээн мэдэгдээд байгаа. Ойрхи Дорнод даяар шүдээ хүртэл зэвсэглэсэн дайчид Иранд бий. “Хезболла”-гаас гадна Йемений хуситууд, Сири, Иракт ч түүнийг дэмждэг олон бүлэглэл байгаа. Израил хийгээд тус нутагт байгаа Америкийн баазууд руу хийх дайралтаа хүчтэй болгоход эдгээр бүлэглэл Ираны амыг харж, хүлээж байдаг юм. Гэвч ямар нэг хариуг Иран сонгоогүй, ялж чадамгүй бол дайнд татагдан орох бодолгүй байгаа бололтой. Тэгвэл Израил байлдааны ажиллагаагаа зогсоох төлөвгүй байна.
Гурван долоо хоног эвлэрэх холбоотнуудынхаа уриалгад хариу өгсөнгүй. Ашиглалгүй орхиж боломгүй таагүй байдалд “Хезболла” ороод буйг Израилын цэргийнхэн анзааралгүй яах вэ. “Хезболла”-г, ХАМАС шиг цохичих, эсвэл умард нутагт нь пуужин харвах аюулыг эхлээд зайлуулахын чухлын алийг нь Израил сонгохыг одоо хэлэхэд төвөгтэй байна. Израилын хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээнд итгэвэл Батлан хамгаалахын сайд Йоав Галант “Хезболла”-гийн эсрэг хуурай газраар цэргийн ажиллагаа явуулахыг үгүйсгэхгүй хэмээн даваа гаригт мэдэгдэв. “Гал зогсоохгүй, Насраллаг устгасан нь чухал алхам ч гэлээ төгсгөл биш” гэж тэр хэлсэн байна. Насралла ч нас барахынхаа өмнө Ливаны өмнөд нутаг руу Израил орж ирэх нь “түүхэн боломж” гэж хэлж байжээ. “Хезболла” сүүлчийн дайнаасаа хойш 18 жил болоод дараачийн дайнд бэлтгэсэн аж. Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаас үзвэл Ливаны III дайн эцсийн шатандаа орж байгаа аж. Эхний дайн нь 1982 онд өрнөж, Ливанд байгаа Палестиныг чөлөөлөх байгууллагын цэргийн баазуудыг устгах зорилготой байжээ. Хоёрдугаар дайн 2006 оны долоодугаар сарын 12-ноос наймдугаар сарын 14 хүртэл нэг сар үргэлжилсэн байдаг. “Хезболла” бүлэглэл Израилын хилчид рүү дайрч цэргүүдийг нь барьцаалсны хариуд Израил хуурай замын ажиллагаа явуулж, Ливаны хэд хэдэн хотыг эзлэн, олзлогдсон цэргүүдээ суллаж байв.