Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын “Духуа инженеринг” тэргүүтэй дөрвөн компанийн түншлэл шалгарсан. Тэгвэл метро барих барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн I шатыг энэ сарын 3-нд зарлахаар болжээ. Үүний хүрээнд өчигдөр ажлын хэсгийн хуралдаан болж, метроны техникийн тодорхойлолтыг Тендерийн үнэлгээний хороонд шилжүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул үүний талаар “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээг Солонгосын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” компанийнхан үзүүлж байна. Метро барих төслийн ажлын хэсгийн хуралдаанаар техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүллээ. Ингэснээр аравдугаар сарын 3-нд барилга угсралтын эхний шатны гүйцэтгэгчийг зарлана” гэв.
Улаанбаатар хотын метро Толгойтоос Амгалан хүртэл 18 орчим км үргэлжлэх бөгөөд 14 зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 км. Цагт 17 500 зорчигч тээвэрлэх аж. Нийт аяллын хугацаа 27 минут байхаар төлөвлөжээ. Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэх эхний ээлжийн техникийн тодорхойлолтыг гаргажээ. Улмаар барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөсөн гэнэ.