Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Америкийн Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Азийн шугаман дэд бүтцийг байгальд ээлтэйгээр төлөвлөх нь” төслийг 2022 оноос манай улсад хэрэгжүүлж, авто болон төмөр замын бүтээн байгуулалт, үйл ажиллагаа хариуцсан байгууллагынхныг энэ талаар нэгдсэн ойлголт, мэдээллээр хангах, чадавхжуулах ажлуудыг хийж буй. Төсөл хэрэгжүүлэгчид үүний хүрээнд ээлжит сургалтаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтнуудыг хамруулан зохион байгуулжээ. Сургалтаар төмөр замыг олон улсын стандарт, дүрэмд нийцүүлэн хэрхэн байгаль, зэрлэг амьтдад ээлтэйгээр төлөвлөх суурь мэдээлэл, мэдлэгийг төмөр замчдад олгожээ.
Манай улс “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрт тусгасны дагуу хатуу хучилттай авто замыг 3000 км-ээр уртасгах, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, уул уурхайн хөгжлийг дэмжих зорилгоор тодорхой байршлуудад төмөр зам барихаар төлөвлөж буй. Эдгээр ажлыг стандартын дагуу зөв төлөвлөж, олон улсын жишгээр хийхгүй бол цоохор ирвэс, цагаан зээр, хулан зэрэг ховор амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах төдийгүй ус, намгархаг газар, бэлчээр, уулын экосистемд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг төслийн мэргэжилтнүүд энэ үеэр анхааруулжээ.
Н.МИШЭЭЛ