Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Энэ сарын 5-ныг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд 5000 гаруй хүн оролцох гэнэ. Чуулганд оролцогчид уул уурхайн салбарт тулгамдаад буй асуудал, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн өгөөж, бусад улс оронтой хэрхэн хамтран ажиллах, салбаруудын уялдааг хангах талаар хэлэлцэж байна. 2022 оноос жил бүр зохион байгуулж буй эл чуулга уулзалтаар хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт болон санхүүжилт зэрэг сэдвийн хүрээнд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулна. Ингэснээр нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55 хувийг дотоодоосоо хангаж чадна. Нэг сайхан мэдээ дуулгахад, “Петро Матад” компани өчигдрөөс өдөрт 100 орчим тонн түүхий газрын тос олборлох үйл ажиллагаагаа эхэлсэн” гэж тус үйл ажиллагааны нээлтэд хэлсэн үгэндээ онцоллоо. Энэ чуулга уулзалтын хүрээнд эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчны талаарх хэлэлцүүлэг өчигдөр болов.
Уг чуулга уулзалтад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж томоохон компаниуд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрөө танилцуулж буйгаараа онцлог. Мөн техник хэрэгсэл, судалгаа шинжилгээний ажлуудаа ч танилцуулж байна. Үзэсгэлэнгийн талбайд үнэ төлбөргүй зочилж, уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудаас сонирхсон мэдээллээ авах боломжтой.
Дээрх үйл ажиллагааны хүрээнд хүнд машин механизмын үндэсний шилдэг операторыг шалгаруулахаар төлөвлөжээ. Үүгээр дамжуулан операторуудын ур чадварыг сайжруулах, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сурталчлан таниулах, техник, технологийн дэвшлийг танилцуулах үндсэн зорилготой гэнэ.