36 дахь удаагийн номын баяр энэ сарын 13-15-нд Сүхбаатарын талбайд болж өнгөрсөн билээ. Номын баярт дотоодын 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна ОХУ, БНХАУ, БНСУ, Польшийн төлөөлөл оролцсон юм. Тэгвэл номын баярын хамгийн хүндтэй шагнал болох “Мэргэн ном” цомын эзнээр Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан тодорлоо. Мөн “Номын ертөнцийн гавьяатан”-аар “Аргун” хэвлэлийн газар, “Мэргэн уншигч”-аар номын соёлыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Номын жор” клубийнхэн шалгарсан байна.
Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж баяр хүргэв. Түүнчлэн номын баярт сайн дурын ажилтнаар оролцсон, анги хамт олноороо ном худалдан авч, шимтэн уншдаг хүүхдүүдийн төлөөлөлд бэлэг гардуулжээ. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан номын баярыг энэ жилээс Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан бөгөөд цаашид “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэх ажээ.
Ч.Болор