УИХ-ын тухай хуулийн 17.1-т “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн заасан байдаг. Ийнхүү хуульчилсны дагуу маргаашаас УИХ-ын намрын чуулганыг нээнэ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрээр чуулганы хуралдаанаар ирэх сарын 1-4-нд хэлэлцэх асуудлуудын товыг одоогоор баталсан байна. Шинэ парламент энэ намрын чуулганаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийх нь. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн ирэх оны улсын төсөв, Үндэсний баялгийн сангийн, Нийгмийн даатгалын сангийн, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн байна.