Олон улсын ахмадын өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүрэгт Ахмадын хөгжлийн төв нээсэн юм. Тус дүүрэгт одоогоор 20 орчим мянган ахмад настан оршин суудаг аж. Тэдний нийгмийн оролцоог хангах, хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь уг төвийнхөн туслах нь. Ахмадын хөгжлийн төв нь 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьжээ.
Хоёр давхар, нийт 277 ам метр талбайтай эл төвийн барилгад ахмадуудад зориулсан соёл, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах заал, өдөр өнжүүлэх болон сэргээн засах танхим бий аж. Төвийн заал, танхимуудад ятга, ёочин, шанз, морин хуур зэрэг хөгжмийн зэмсгээр хичээллэх боломж бүрдүүлжээ. Эдгээрээс гадна спортын хэрэгсэл, сэргээн засах, сувиллын аппарат, тоног төхөөрөмж, хурал, уулзалт хийхэд зориулсан ухаалаг дэлгэц байрлуулсан байна. Мөн архивын өрөө нээжээ. Өндөр настнууд эл төвд тогтмол ирж, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхийн зэрэгцээ сургалт, дугуйлангуудад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой гэнэ.
М.ОЧ