Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд дөрөв хонож байна. Улсын хэмжээнд шат шатны ИТХ-д 2389 тойргоос 8028 төлөөлөгч сонгоно. Уг суудлын төлөө нийт 17 541 хүн нэр дэвшиж буй аж. Үүнээс аймаг, нийслэлийн ИТХ-д 1992 хүн өрсөлдөж байна. Эдгээр хүн сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлсэн. Одоо тэдэнд сонгогчдодоо өөрийгөө болон мөрийн хөтөлбөрөө танилцуулах 10 хоногийн хугацаа бий. Богино хугацаанд өөрийгөө танилцуулахын тулд нэр дэвшигчид янз бүрийн л арга хэрэглэж байна. Зарим нь хэрээс хэтэрч буй ч ядаж шүүмжлүүлээд ч болов олны анхаарлыг татаж, танигдах зорилгоо биелүүлээд байгаа бололтой.
Нэр дэвшигчид хуульд заасны дагуу ухуулах хуудас, зурагт самбар байршуулахаас эхлээд сурталчилгаагаа нийгмийн сүлжээнд хийж буй юм. Орон нутгийн сонгуулийг 2020 онд баталсан хуулийн дагуу мажоритар системээр зохион байгуулж байгаа. Тиймээс сум, дүүргийн ИТХ-аас тогтоож өгсөн газруудад зурагт самбараа байршуулаад эхэлжээ. Гэхдээ үүнээс илүү нийгмийн сүлжээгээр түгээж буй сурталчилгаанууд нь анхаарал татаж байна.
“Алив, эгчдээ нэг хийчих”
Уг сонгуульд 18 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, хуульд заасан бусад шаардлагыг хангаж буй иргэд нэрээ дэвүүлэх эрх нь нээлттэй. Тийм ч учраас залуус нэлээд идэвхтэй өрсөлдөж байгаа бололтой. Тэд сошиал орчинд сурталчилгаагаа түлхүү хийж буй. Зарим нь анхаарал татахын тулд янз бүрийн л арга хэрэглэж байна. Тухайлбал, АН-аас Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр тойрогт нэр дэвшигч Ж.Одонтунгалаг хөгжилтэй, чөлөөтэй хэлбэрээр сурталчилгаа хийх гээд “хэтрүүлчихжээ”. Тэрбээр “Гадаа хүйтэн байна, Одноодоо нэг хийчих” гэсэн тайлбартайгаар хандивын постероо цацсан юм. Нийгмийн сүлжээнд тархсан, хошин трэнд үгийн нэг. Бас өөрийгөө танилцуулсан рийлс бичлэг нь ч анхаарал татав. Тик ток сүлжээнд дэлгэрээд буй “Emergency” хэмээх ремикс аян дээр тэрбээр өөрийгөө товч танилцуулжээ. Дороо алхангаа хувцас, эсвэл арын орчноо сольдог өөрчилдөг юм. Нэр дэвшигч бүсгүй арын орчин, танилцуулга мэдээллээ сольж буй юм. Багш мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр, нэг ах, гурван дүүтэй, нөхөр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг юм байна. Бас “Болно оо, болно” гэж хэлэх дуртай гэнэ. Цаг үетэйгээ хөл нийлүүлэх гэж оролдсон, хөгжилтэй л хэлбэр. Гэвч улс төрд арай л зохимжгүй. “Энэ эмэгтэй одоо алхаад байгаа юм уу, бүжиглээд байна уу, болно оо, болно гэнэ үү, улс төрд ажиллах гэж буй бол судалгаа, тооцоотой тодорхой юм ярих ёстой биз дээ. Эгчдээ нэг хийчих гэнэ үү, хэнийг доромжлоод байгаа юм” гэх мэтээр түүнийг шүүмжилжээ.
Мөн Баянгол дүүргийн нэгдүгээр тойргоос нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй Үндэсний эвслийн төлөөлөл Н.Энхчимэг хэмээх бүсгүй бөх удмаараа “гайхуулаад” баахан шүүмжлүүлэв. Түүний талаарх мэдээллийг гаргасан нэгэн сайт өмнөх тайлбартаа “Улсын начин Ж.Гэлэг агсны ач охин, улсын харцага Г.Намсрайжавын охин, дархан аварга Н.Батсуурийн төрсөн эгч” гэх мэтээр тодотгосон байна. Уг тодотгол нь цаашаа ч үргэлжилжээ. Бөхөд хайртай ард түмний анхаарлыг татна л гэж ийм “арга” сэдсэн байх. Санал авахад нь дэм болох, эсэхийг мэдэхгүй ч нийгмийн сүлжээнд лав танигдаад авлаа. Уг мэдээллийг нь шүүмжилсэн хүмүүст эл бүсгүй өөрөө “Удам судрыг нь мэдэх хэрэгтэй байх л даа” гэсэн тайлбар өгөөд, Сиднейн их сургуульд магистрын зэрэг хамгаалснаас эхлээд эзэмшсэн боловсрол, хэрхэн ажиллаж явсан намтраа хуваалцжээ. Тэрбээр эдүгээ Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч юм байна.
ИЗНН-аас мөн дээрх тойрогт нэр дэвшигч Д.Амгалан сонгуулийн сурталчилгааны ярилцлагаа шөнийн 03.00 цагт бичүүлж байх үедээ эхнэртээ утсаар загнуулсан бичлэгээ хуваалцаж, хүмүүсийг хөгжөөжээ. Гэртээ ирэлгүй “алга болсон” нөхрөө хайж залгасан эхнэртээ тэрбээр “Ярилцлага өгч байна” гэж хариулаад “Ирдэггүй юм уу, чи чинь. Шөнийн 03.00 цагт хэн чамаас ярилцлага авдаг юм, Амгалан гуай” хэмээн загнуулсан юм байна.
Мөн нэгэн сайтаас хамгийн царайлаг нэр дэвшигч шалгаруулсан байх юм. Үүнд нь нийслэлийн ИТХ-ын есдүгээр тойрогт АН-аас нэр дэвшиж буй, “Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун, сайдаа өмгөөлөн “зодолддог” хэвлэлийн төлөөлөгч болох ХҮН намын Т.Отгонбаатар, долоодугаар тойрогт өрсөлдөж буй МАН-ын М.Говьсайхан зэрэг зургаан залууг жагсаажээ. УИХ-ын сонгуулийн үеэр нэгэн нэр дэвшигч мисс эхнэрээрээ пиар хийж байсан шиг гадаад төрхөөрөө ялгарах гэж хэн нэг нь ийм “захиалга” өгсөн бололтой.
Улс төр бол спорт, бөхийн дэвжээ, хошин шогийн тайз, эсвэл мисс, мистер шалгаруулдаг тэмцээн биш. Тэд үнэхээр тайзаа андуураад байна уу, эсвэл бусдаас ялгарч чадах ганц давуу талаа л “зүлгэж” буй нь энэ үү.
Улс төрч, бизнесменүүдийн хүүхдүүд
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 12 тойргоос 45 төлөөлөгч сонгоно. Орон нутгийн сонгуулиас хамгийн их анхаарал татдаг, өрсөлдөөнтэй болдог нь хотын парламент байдаг. Тэгвэл уг сонгуулиар Баянзүрх дүүрэг хамгийн олон буюу гурав, Сонгинохайрхан хоёр тойрогт хуваагджээ. Бусад дүүрэг тус бүр нэг тойрог болж буй юм. Нийслэлийн ИТХ-ын уг сонгуульд улс төрч, бизнесменүүдийн хүүхдүүдээс цөөнгүй нэр дэвшжээ. Энэ удаагийн сонгуулийг мажоритар системээр зохион байгуулах учраас тэд иргэдээс дэмжлэг авч байж л сонгогдож чадна. Тэгэхээр намын жагсаалтаар шууд УИХ-ын гишүүн болсон зарим хүнтэй харьцуулахад чадвар, мэдлэгээ шалгуулж, шударга өрсөлдөнө гэсэн үг. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын наймдугаар тойрог болох Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн асан, “Монос”-ын Л.Эрдэнэчимэгийн хүү Б.Онон, “Бодь”-ийн Л.Болдхуягийн хүү Б.Билэгт нар АН-аас нэр дэвшсэн байна. Б.Онон сэргээгдэх эрчим хүчний инженер аж. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах гарц шийдэл, эрчим хүчний хямд эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилго тавьж, энэ сонгуульд оролцож буй гэнэ. Б.Билэгт нь банк, санхүүгийн мэргэжилтэй, хотоо хөгжүүлэхэд боловсрол, туршлагаа зориулахаа мэдэгджээ. Уг тойрогт ИЗНН-ын нийслэлийн хорооны дарга М.Амартунгалаг хэмээх бүсгүй өрсөлдөж буй. Мөн олны танилуудаас мисс, загвар өмсөгч Д.Эрдэнэтуяа Иргэдийн оролцооны нэгдэл намаас нэрээ дэвшүүлжээ. Тэрбээр өмнө нь УИХ-ын сонгуульд мөн өрсөлдсөн билээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул Баянзүрх дүүргийн гуравдугаар тойргоос нийслэлийн ИТХ-д Үндэсний эвслийг төлөөлөн нэр дэвшсэн байна. Тэрбээр 2016-2020 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай аж. Аав нь охиныхоо талаар “Би охиноо Оксфордод сургасан. Хүүхдээ тэнд сургах зардал багагүй, бас амаргүй. Манай охин ямартай ч тендер хулгайлж, мөнгө идэхгүй, шударга ажиллаж чадна” гэжээ. Үүнээс гадна УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболдын охин Э.Хулан Сонгинохайрхан дүүргээс нийслэлийн ИТХ-д горилж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 45 мандатын 30-д нь өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлснийг намынхан нь ярьда. Тэгвэл тэдний нэг нь түүний төрсөн дүү Х.Баттуулын хүү Б.Оргилбат болж байна. Тэрбээр Баянгол дүүргээс нийслэлийн ИТХ-д горилж буй аж.
Ийнхүү үе залгамжлагч нар болон өвөрмөц сурталчилгаа хийгчдээс энэ удаагийн нэр дэвшигчдийн баг бүрдэж байна. Аав, ээж нь улс төрийн өндөр албан тушаал хашиж явсан үе залгамжлагчдын сурталчилгаа харьцангуй даруу байгаа юм. Тэдэнд зөвлөх, чиглүүлэх хүн байгаа учраас тэр биз. Харин эмэгтэй нэр дэвшигчдийн сурталчилгаа, бичлэг илүү анхааралд өртөж, шүүмжлэл дагуулж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нийт нэр дэвшигчийн 20 хувь нь эмэгтэйчүүд байхаар заасан. Үүний дагуу намууд нэр дэвшүүлээд буй. ИЗНН, ХҮН намынхан хуулиас давуулсан квотоор бүсгүйчүүдээ сойсон. Хэдийгээр улс төрд эмэгтэйчүүд олон байх нь хэрэгтэй ч тэдний сурталчилгаа, пиарын арга барил нэг л дулимаг байгаа нь дээрх жишээнээс харагдана. Бүсгүйчүүд өмнөх алдаан дээрээ суралцаад цааш явах биз ээ. Харин сонгогч та, бидний хувьд хэлбэр харж шоолох, шүүмжлэхээс илүү мэдлэг, туршлага, мөрийн хөтөлбөрийг нь давхар шүүж байж сонголтоо хийх нь чухал. Амьдарч буй гудамж маань гэрэлтэй, хоггүй, аюулгүй, утаагүй, түгжрэлгүй байх, эсэхийг уг сонгуулиар шийднэ гэдгээ мартаж болохгүй.