Орчны эрүүл мэндийн дэлхийн өдөр өчигдөр тохиов. Манай улс эл өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд олон нийтийг чадавхжуулах нь” уриатай тэмдэглэж, үүний дагуу НЭМҮТ-өөс нөлөөллийн ажлууд зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд манай улсын нийгэм, эдийн засгийн байдал сайжирч буй хэдий ч түүнийг дагасан шилжилт хөдөлгөөн, төвлөрлийн улмаас орчны бохирдол ихсэж, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь нэмэгдсээр байна. Хотын хөрс, эргэн тойрны гол, мөрний ус болон агаарын бохирдол туйлдаа хүрсэн энэ үед иргэд ядаж ажиллаж, амьдарч буй орчноо бохирдуулахгүй байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, орчны бохирдол гэхээр бид хэт томоор харж, шүүмжилдэг ч наад захын эрүүл ахуйн стандарт, хууль, журмаа мэддэггүй, биелүүлэхгүй байгаа юм. Нийслэлчүүдэд яг үнэндээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээс илүүтэй орчны эрүүл мэндийн асуудал нь нэн тулгамдаад буй гэсэн үг. Дээрх өдрийн хүрээнд улс даяараа орчны эрүүл ахуйгаа сайжруулахад түлхүү анхаарч, иргэд, олон нийт, төрийн байгууллагуудыг эл арга хэмжээнд татан оролцуулах хэрэгтэй бус уу. Хууль, журам нь ч бэлэн атал түүнийгээ огт сурталчилдаггүй.
Тодруулбал, манайх орчны эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах зорилготой хуулиа аль эрт 1998 онд баталж байжээ. Түүнээс хойш энэ хуульд дөрвөн ч удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчилснийг нь 2016 оноос хойш мөрдөж буй. Нэр нь ч өөрчлөгдөж, хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх зарчмыг баримталсан Эрүүл ахуйн тухай хууль болгож, бидний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг баталгаажуулсан билээ. Гэвч Монголд өдгөө огт хэрэгжүүлдэггүй хуулиудын нэг нь үүнийг гээд хэлчхэд нэг их буруудахгүй болов уу. Учир нь эрүүл ахуйн хууль байтугай дэглэм ч баримталж мэддэггүй иргэд гудамж, талбай, явган хүний замаар нус, цэр, шүлсээ хаяж байхад хэн ч хариуцлага тооцдоггүй. Цаашлаад байрны булан тохой бүрд бие засах үзэгдэл хавтгайрсан. Орчны эрүүл мэнд гэдэг ийм энгийн зүйлээс эхлэх учиртай сан. Эрүүл ахуйн тухай хуульд уг нь гудамжинд нус, цэрээ хаясан тохиолдолд торгоно гэж заасан байдаг ч хяналт тавих субъект байхгүй.
Олон нийтийн хамтын ажиллагааны идэвхтэн, цагдаагийн алба хаагчид, сайн дурын ажилтнуудаар дамжуулан эл заалтыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах ёстой юм билээ. Тодруулбал, тус хуулийг зөрчсөн иргэн 50001 000 000, хуулийн этгээд 13 сая хүртэлх төгрөгөөр торгуулах бөгөөд хохирлыг барагдуулах, зөрчлийг арилгуулах үүрэгтэй. Түүнчлэн Эрүүл ахуйн тухай хуульд гэр хорооллын нүхэн жорлонгийн дөрвөн стандартыг баталж, түүнийг иргэд мөрдөх ёстой ч бас л хэрэгждэггүй. Орчны эрүүл мэнд нь дэлхий дахинд ч нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон. Дэл хийн хэмжээнд бүртгэгдэж буй нийт нас баралтын дөрөвний нэг нь хүрээлэн буй орчны бохирдол болон уур амьсгалын өөрчлөлтөөс болж энддэг байна. Иймд НҮБ аас Тогтвортой хөгжлийн зорилтыг батлахдаа улс орнуудыг нийт хүн амаа эрүүл, аюулгүй орчинд амьдруулахыг зөвлөсөн байдгийг сануулъя.
О.УНДРАХ