Боловсролын сайд, төр засгийн түшээд ерөнхий боловсролын сургуулиудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх “ганцхан” зорилготой. Тухайн хичээлийн жилд гурван ээлжийг халчихвал л тэд олон нийтээс “оноо” авна гэж боддог. Тиймдээ ч сургуулиудыг хоёр ээлжтэй болгохын тулд түмэн арга сүвэгчилдэг. Үүний нэг жишээ нь анги дүүргэлт юм. Гуравдугаар ээлжийг халахын тулд нэг ангид 50, 60 хүүхэд “чихдэг”, өөр сургууль руу “цөлд өг” гэхчлэн тэднийг зовоож дуусахгүй. Нийслэлд нэг ангидаа 45-55 хүүхэдтэй сургууль нийтлэг. Цаашлаад нэг ангидаа 60- 70 сурагчтай сургууль ч олон бий. Эдгээр нь анги дүүргэлтийн зохих дүрэм, стандартаас 50-60 хувь хэтэрсэн үзүүлэлт гэдгийг Үндэсний статистикийн хорооноос судалж, тогтоосон.
Дүрэм журмаа мөрдвөл нийслэлийн сургуулиуд гурав байтугай 4-6 ээлжээр хичээллэхээр байгаа аж. Тэгэхэд орон нутагт нөхцөл байдал эсрэгээрээ, 4-10 сурагчтай анги, ахлах бүлэггүй сургууль ч цөөнгүй байна. Үүнийг боловсролын салбарын тэгш бус хуваарилалт гэж үзэж буй. Улаанбаатар хотод 2030 он гэхэд ерөнхий боловсролын сургуульд элсэгчийн тоо 2008 оныхтой харьцуулахад 70 хувиар өснө гэсэн тооцоо бий. Тэр хэрээр сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж буй. Харин орон нутаг эзгүйрч, хоосон анги танхим, бүлэгтээ 20 хүрэхгүй сурагчтай сургуулийн тоо улам олшрох нь. Боловсролын салбарын 2024 оны статистик эмхэтгэлд дурдсанаар 100 ба түүнээс цөөн суралцагчтай сургуулийн тоо өнгөрсөн хичээлийн жилд аймгийн төвд 11, сумуудад найм, багт 33 байж. Ерөнхий боловсролын сургуулийн нийт бүлэг 25 471 байсны 69.7 хувь нь нэг, 30.3 хувь нь хоёр ээлжээр хичээллэжээ. Нэг ээлжтэй сургууль нийслэлд бараг байхгүй. Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад 701 мянган хүүхэд хамрагдсанаас талаас илүү хувь нь нийслэлийнх байна. Тэгвэл орон нутагт эрэлтээс давсан олон сургуультай, тэр хэрээр анги дүүргэлт цөөн аж. Олон жилийн турш хуваарилалт ийн тэгш бус байсаар ирсэн.
Тодруулбал, төрийн өмчийн сургуулиудын 44 нь багт, 344 нь сумд, 144 нь аймагт, 163 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс үзвэл баг, сум дахь сургуулиудын тоо хэт олон, эсрэгээрээ хотынх цөөн. Эндээс улсын хэмжээний нийт суралцагчийн талаас илүү хувийг стандартаар сургах ямар ч боломжгүй нь харагдана. Уг нь сургуулиудын хүртээмж, сурагчийн тооны харьцааг бодолцон, үүнийг бодлогоор зохицуулж, хуваарилалтыг зөв зохион байгуулах боломж өнгөрсөн хугацаанд бидэнд байсныг судлаачид хэлдэг. Гэвч УИХ-ын гишүүдийн олонх нь сонгогдсон тойрог, сум, аймгийнхандаа амласандаа хүрэхийн тулд ямар ч судалгаа, тооцоололгүйгээр сургууль, цэцэрлэг бариад л байдаг. Анги дүүргэлт нь стандарт хангадаггүй. Тэр дундаа ахлах ангид дэвших сурагчийн тоо сум, багт маш цөөн, олонх нь төв суурин бараадаад шилжчихдэг аж. Орон нутгийн аудитын байгууллагууд дотооддоо сургуулиудынхаа анги дүүргэлт, багшийн ур чадвар, төсөв санхүүжилт зэрэгт гүйцэтгэлийн үнэлгээ хийдэг. Тухайлбал, Дархан-Уулд хийсэн гүйцэтгэлийн аудитаар аймгийн хэмжээн дэх зарим сургуулийн хүчин чадлыг бүрэн ашиглахгүй байгааг илрүүлжээ. 4-10 сурагчтай анги, бүлэг ч цөөнгүй байж. Мөн ахлах ангид элсэгчгүй сургууль байсан нь Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрмийн 2.10-т заасан “...хэм хэмжээг баримтлан анги, бүлэг дүүргэлтийг зохион байгуулна” гэснийг зөрчжээ. Тухайлбал, нэг, зургаа, 11, 12 дугаар сургуулийн зарим нь ахлах ангийн сурагчгүй, байгаа ганц нэгийнх нь анги дүүргэлт хангалтгүй байсан аж. Орон нутгийн, ялангуяа багийн сургуулиудын анги дүүргэлт, сурагчийн тоо дийлэнхдээ ийм гэсэн.
Салбарын статистикаар сургуулиудын анги дүүргэлтийн тоо өнгөрсөн хичээлийн жилд нийслэлд дунджаар 33.1, орон нутагт 28 байв. Энэ нь хувийн сургуулиудаас 9.2-өөр өндөр гэсэн үг. Хотод анги дүүргэлт хөдөөнийхөөс 5.1- ээр олон. Эдгээр нь дунджилсан үзүүлэлт бөгөөд бодит байдалд 55-65 хүүхэдтэй нэг ангийг орон нутгийнхтай харьцуулбал стандарт 4-5 дахин хол зөрнө. 2007 онд баталсан Боловсрол, шинжлэх ухааны болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөр, Сангийн сайд (хуучнаар) нарын хамтарсан 307/91/237 тоот тушаал байдаг. Үүнд “Анги дүүргэлтийг бага ангид 30-35, дунд, ахлах ангид 32-35 ... байхаар зохион байгуулна” гэж заажээ. Гэтэл бүлэг дүүргэлт стандарт хэмжээнээс давсан 229 сургууль байгаа аж. Үүнээс нийслэлийн 23 дугаар сургуулийн анги дүүргэлт гэхэд л дунджаар 52.4, 18 дугаар сургуулийнх 49.1, нэгдүгээр сургуулийнх 48.4 байна. Орон нутагт анги дүүргэлт цөөн, бас харилцан адилгүй байгаа нь багш нарын ур чадвартай их, бага хэмжээгээр холбоотойг аудитын байгууллагууд тодруулжээ. Өөрөөр хэлбэл, заах арга барил сайтай, туршлагатай багш нарын анги олон хүүхэдтэй байх тохиолдол цөөнгүй аж. Мөн баг, сумаас багшийгаа “голоод явсан” сурагч ч олон байдаг гэх.
Үүнд мэдээж эцэг, эхчүүдийн оролцоо их гэсэн. Энэ бол анги дүүргэлтэд нөлөөлж буй нэг л хүчин зүйл. Цаана нь бага, дунд сургууль нэртэй хүүхдийн тоонд ахадсан нүсэр байгууламжууд орон нутагт өнгөрсөн хугацаанд олноор барьж, төсвийн мөнгийг тооцоогүй үрсээр ирсэн байхад эл асуудлыг нийтээр огт ярихгүй, хэн ч тоодоггүй нь хачирхалтай. Салбарын яамныханд орон нутгийн сургууль нэг ангидаа дөрвөн хүүхэдтэй юү, 40 сурагч хичээллэж байна уу гэдэг нь сонин биш аж. Зохицуулалт хийхгүй л гэсэн санаа. Харин нийслэлд ерөнхий боловсролын хүртээмжтэй холбоотой тулгамдсан асуудлын нэгийг тэд хүүхдийн тоон өсөлт гэж харж буй. Хүн ам зүйн энэхүү өөрчлөлт нь цаашид бүлэг дүүргэлт, ээлжийн хувийг улам нэмэгдүүлэх бөгөөд сургалтын чанарт ч хэдийн сөргөөр нөлөөлөөд эхэлсэн. Иймд Боловсролын яамнаас хүүхдийн тооноос шалтгаалсан сургалтын чанарын ялгааг арилгахын тулд ээлжийн коэффициент өндөр байгаа ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилнө гэсэн. Ингэхдээ энэ хичээлийн жилээс нэг багшид ногдох суралцагчийн тоог багасгах, хүүхэд хичээлээс гадуур, сургуулийн орчинд хөгжих, дугуйлан, бусад хөтөлбөрт хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ гэв.
Одоо нэг багшид ногдох сурагчийн тоо2-3 дахин олон буй. Цаашид нийслэлд эл үзүүлэлт нэмэгдэх тооцоо гарсан. 200 сургууль нэмж бариад ч хүүхдүүдээ багтааж хүчрэхгүй гэдгийг салбарын шинжээчид шүүмжилдэг. Тиймээс төвлөрлийг нэн яаралтай сааруулах, хөдөөг чиглэсэн “их нүүдэл”-ийг бодлогоор эрчимжүүлэхгүй л бол бид 2030 он гэхэд сургуулийн хүүхдүүдээ “агуулах сав”-гүй болох нь. Хотод тэртэй тэргүй сургууль, цэцэрлэг барих газар ч хомсодсон. Харин хөдөөд сургуулийн “эзэнгүй” барилга байшин өч төчнөөн байна. Монгол Улс өнгөрсөн онд өрсөлдөх чадвараар 64 улсаас 62-т эрэмбэлэгдсэн. Өрсөлдөх чадварыг энгийнээр тайлбарлавал, иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, амьдралын чанарыг хангахын тулд нөөц бололцоо, чадамжаа хэрхэн уялдуулж байгааг харуулдаг үзүүлэлт юм. Бид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ зөв чиглүүлж чаддаггүй. Боловсролын байгууллагуудаа ч ийн тэгш хуваарилж хүчирдэггүй аж. Ирээдүйд үүсэх эрэлтийг нэг ангид байх хүүхдийн тоог 100 болгоод ч “нөхөж” чадахгүй гэдгийг салбарынхан нь ч хэлдэг. Суурь шалтгаан нь ердөө дээр дурдсан шилжилт хөдөлгөөн бөгөөд төвлөрлийг л сааруулах аж.