Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас олон залуус жагсаалтаар болон нэр дэвшин өрсөлдөж сонгогдсон. “Цүнх баригчид” гэж хочлуулсаар ирсэн тэд төрийн хууль батлалцах өндөр эрх мэдлийг эзэгнэж мэддэг, чаддагаа харуулах гараан дээрээ ирээд анхны намрын чуулганаа хүлээж байна. Тэдний нэг нь Наранцэцэгийн Алтаншагай. Архангай аймгийн төвд дунд боловсрол эзэмшиж, “Улаанбаатар эрдэм” их сургууль, улмаар Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр, дараа нь МУИС-д улс төр судлалын магистраар суралцаж төгсжээ. Ажилласан байдлыг нь харахад нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан, Зохион байгуулалтын хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга болсон байгаа юм. Ингээд дүүргийн намын хорооны орлогчоос хотын намын орлогч болж дэвшсэний дараа дүүргийнхээ Засаг дарга болж, нийслэлийн хамгийн томоохонд тооцогдох, 350 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүрэг гэдэг их айлыг удирдаж байгаад УИХ-ын гишүүн болжээ. Дэндүү товчхон түүхийн цаана Н.Алтаншагай гишүүний 40 жилийн намтар, тэр тусмаа 16 жил буюу улс төрийн дөрвөн сонгуулийн хугацаанд нам дагасан залуус төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж болдог байх нь гэдгийг харуулсан бодит жишээ. Тиймээс ч түүнийг “намын бүтээгдэхүүн” гэж товчхоноор тодорхойлоход хилсдэхгүй байх. Энэ нь тийм ч муу үзүүлэлт биш юм. Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргээр овоглож арав гаруй жил ажиллахдаа Улаанбаатар хотын хамгийн өргөн буюу таван метрийн өргөнтэй, 1.5 км урттай, гэрэлтүүлэгтэй өргөн чөлөө байгуулсан, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан гарааш, чингэлгийн газрыг чөлөөлсөн гэхчлэн дүүргийнхээ болон нийслэлийн хүүхэд, залуучуудын тав тухтай байдалд зориулсан олон зүйл хийснийг үгүйсгэх аргагүй юм. Үүний зэрэгцээ төсвийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, зориулалтын бусаар зарцуулсан гэх шүүмжлэлд ч удаа дараа өртөж байв. Товчхондоо хотын удирдлагуудын шүүмжлэл бүхэн дүүргийн дарга, удирдлагуудад тусгал нь болж очиж байдгийн хувьд чамлахааргүй хат суусан байх давуу талтай байж мэдэх юм. Ийнхүү тэрбээр сайн, муу алдрыг хослуулан зүтгэсээр УИХ-ын гишүүнээр сонгогдож чадсан. ИТХ бол УИХ-ын гишүүнээр сонгогдох шат төдийгүй Удирдлагын академийн нэгэн адил улс төрч бэлтгэдэг дамжаа шахам болчхоод байгааг хэн ч үгүйсгэхгүй. Монголын улс төрд Н.Алтаншагай гэдэг хүн төдийлөн танигдаагүй, харин сонгинохайрханчуудын хувьд “Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын хүн” гэсэн тодотголоор нь мэднэ. Харин тэрбээр өдгөө хэн нэгний “утсан хүүхэлдэй” байх уу, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай гэдэг хувь улс төрчийн итгэл үнэмшлээр шийдвэр гаргаж, өөрийн зам мөрөө гаргах уу гэдэгт олон нийтээр дүн тавиулна. Тиймээс ч түүний өмнө ахадмаар өндөр итгэл, хариуцлага хүлээлгэж саналаа өгсөн сонгогчдодоо юу хийж чадах, ямар хууль тогтоомж санаачлан, хэн байхаа харуулах хүлээлт буй.
У.Оргилмаа