Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны 10 га талбайд 2007 айлын орон сууцын хороолол барих бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар нийслэлийн Орон сууцын бодлогын газрын дарга Г.Ганхүү өчигдөр мэдээлэв. Орон сууц барих нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сард зарласан бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил сүнг” компани шалгарчээ. Тус хороолол нь сургууль, цэцэрлэгийн цогцолбортой, эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн, тус бүр нь 10 давхар нийт 14 блок орон сууцтай байх гэнэ. Орон сууцуудаа 1-3 өрөөтэй байхаар төлөвлөжээ.
Уг хорооллыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулах нь. Энэ талаар нийслэлийн Орон сууцын бодлогын газрын дарга Г.Ганхүү “Нийслэлийн ЗДТГ-аас Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд 2007 айлын орон сууц барих төслийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ нь 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой иж бүрэн хороолол гэдгээрээ онцлогтой. Толгойт дэд төвийн газар чөлөөлтөд энэ орон сууцуудыг ашиглана” гэв.
Ташрамд дурдахад, Баянголын ам нь Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийн нэг бөгөөд 450 га газарт 75 мянган хүн ам оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гаргажээ. Дэд бүтэц нь 30 мянган хүн ам төвлөрөхөд зориулагдсан хүчин чадалтай юм байна.
М.ОЧ