Канад Улсын Алберта мужийн Эдмонтон хотод өнгөрсөн сарын сүүлчээр болсон Олон улсын баавгай судлалын 28 дугаар хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга улсаа төлөөлөн оролцжээ. Тэрбээр энэ үеэр Олон улсын баавгай судлал, менежментийн холбооны удирдлагуудтай уулзаж, мазаалайг хамгаалах чиглэлээр БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар танилцуулсан байна. Үүний үр дүнд тус холбооноос мазаалай хамгааллын болон эрдэм шинжилгээний ажилд олон улсын судлаачдын анхаарлыг хандуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2024 оныг “Мазаалай баавгайг хамгаалах жил” болгож зарласан. Үүнтэй холбоотойгоор уг амьтны тархац нутгийг тусгай хамгаалалтад авах, уст цэг шинээр гаргах, идэш тэжээлийн цэгүүдийг олшруулах, ажиглалт мониторингийг тогтмолжуулах чиглэлээр ажиллаж буйгаа Э.Баттулга хурлын үеэр танилцуулжээ. Түүнчлэн Олон улсын баавгай судлалын болон бүс нутгийн эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад зохион байгуулах саналыг холбогдох албаны хүмүүст тавьсан аж. Ташрамд дурдахад, Олон улсын баавгай судлал, менежментийн холбоо нь 1968 онд байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааны үндсэн чиглэл нь дэлхий дээрх найман зүйл баавгайн хамгаалал, судалгаа, менежментийг сайжруулах гэнэ.