Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга То Лам манай улсад өнөөдрөөс төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, То Лам нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 70 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, харилцаагаа шат ахиулан иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд Вьетнам улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ удаад Ерөнхийлөгч То Лам Төрийн тэргүүний түвшинд хариу айлчлал хийж буй юм. Монгол Улс болон БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийж байгаагаараа энэхүү айлчлал онцлогтой.
БНСВУ-ын Үндэсний ассамблей буюу парламентын сонгуулийн чуулганаар өнгөрсөн тавдугаар сарын 22-нд армийн генерал То Ламыг Ерөнхийлөгчөөр сонгожээ. Ерөнхийлөгч болохдоо тэрбээр эрх баригч Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалахын сайдаар ажиллаж байжээ.