ДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулгатай ярилцлаа. “Дуурийн театр найруулагчгүй боллоо”, “Уран бүтээлийн удирдлагагүй болжээ” гэсэн яриа багагүй хугацаанд үргэлжилсэн. Одоо намжжээ. Түрүү жил ОХУ-д Театр, урлагийн дээд сургуулийг хөгжмийн театрын найруулагч мэргэжлээр төгсөж ирээд, найруулагчаар ажиллаж байсан С.Баттулгыг шинэ оны эхээр ерөнхий найруулагчаар томилсон. Эдүгээ тэрбээр шинэ уран бүтээл Ж.Вердийн “Макбет” дуурийг тайзнаа тавихаар ажиллаж буй. Жүжгийн бэлтгэл ид явагдаж байна. Дуучид өөр өөрсдийн дуулах хэсгээ сургуулилж буй бол тайзны зураг бэлэн болж, хувцас, хэрэглэлийн үйлдвэрлэл ч эхлээд байгаа аж.
-Ерөнхий найруулагчийн ажлын жаргал, зовлонг амталж эхлээд байна уу, та?
-Цаг үе нь таараад гэх үү, энэ чухал албан тушаалыг хаших болоод байна. Санал асуулгүй томилсон болохоор үнэнийг хэлэхэд эхэндээ айсан. Тэглээ гээд яах билээ. Нэгэнт хөгжмийн театрын найруулагч мэргэжлийг дурлаж эзэмшсэн юм чинь мэдсэн сурсан, олж мэдэрснээ хэрэгжүүлэх болно. Л.Эрдэнэбулган багшийнхаа захиас, театрын удирдлагуудын итгэлийг бодсон ч тэр, зүтгэнэ. Би театртаа найрал дуучнаар 10 жил ажилласан. Дууриудад хэд хэдэн дүртэй. Тийм болохоор театрынхаа дотоод амьдралыг сайн мэднэ. Гэхдээ л туршлага дутах байх. Дэлхийн сонгодог болон үндэсний олон дуурийг үзэгчдэдээ хүргэж ирсэн уран бүтээлч хамт олон минь дэмжиж, хамтарнагэж бодож байгаа.
-Театр сүүлийн жилүүдэд шинэ дуурь тавиагүй. В.Шексирийн “Макбет”-ын сураг гарахад хаана хаанаа ихэд сонирхож байх шиг.
-Дуурь хөгжмийн зохиолчоороо овоглож явдаг болохоор суут хөгжмийн зохиолч, дуурийн урлагийн мастер Ж.Вердийн бүтээл гэх нь зөв. Эх зохиол бол В.Шекспирийнх. Үүнээс дуурийн цомнол бичдэг байсан алдартнууд хөгжмийн театрын бүтээлийн зохиол гаргасан гэсэн үг. Ж.Верди нь В.Шекспирийн гурван зохиолыг дуурь болгосон байдгийн анхных нь юм. Нөгөө хоёр нь “Отелло”, “Фальстаф”. Хоёр дахийг манай театр “Виндзорын овжин авхай нар” нэрээр тавьсан түүхтэй. “Отелло” бас манай урын санд байсан.
-Одоо байхгүй гэсэн үг үү?
-Отеллод олон жил дуулсан гоцлол дуучин Б.Дамдинсүрэн өөд болсноос хойш тоглоогүй. Одоо тоглох бол сэргээн тавих шаардлагатай. Дэлхийн томоохон дуурийн театрууд Шекспирийн сэдвээр тасардаггүйтэй адил манайх ч гэсэн түүний дууриудаас үзэгчдэдээ хүргэж байх ёстой гэж үзсэнээр “Макбет”-ыг тавих боломж гарахаар нь ажиллаж эхэлсэн.
-Соёлын яам санхүүжүүлж байгаа юу?
-Үгүй. Манайхтай хамтарч ажилладаг байгууллага санал тавьсан юм. Хоёр талаас сай тар ярилцсаныүндсэндээрнэгдэхээр болсон. Сурагчдынхаа хөгжилд урлагийн боловсролыг ихэд чухалчилдаг ESM буюу “English school of Mongolia” хэмээх дунд сургуулийн зүгээс манай театртай хамтарч нэгэн шинэ дуурь бүтээх төсөл хэрэгжүүлье гэсэн. Санхүүжилт гаргая, сурагчдаасаа олны хэсэгт багтаая, нэг удаагийн бэлтгэлийг сургуулиараа үзье, шинэ бүтээл бол театрын уран санд үлдэнэ гэсэн. Ингэхдээ тайз, хувцасны зураач, удирдаач зэргийг сургуулийн зүгээс санал болгож болох уу гэсэн байсан. Тэгэхэд манай театрын удирдлага ерөнхий найруулагчийн зүгээс тавих шаардлагуудыг хүлээж авч, төсөлдөө тусгах юм бол болно гэсэн хариу өгсөн байлаа. Ингэж хэлэхэд тус сургуулийнхан хүлээн зөвшөөрснөөр хамтран ажиллаж байна.
-Хүлээж авахааргүй санал байсан юм уу?
-Дижитал дуурь болгоё гээд, үүнтэй холбоотойгоор сонгодог бүтээлд арай таарахгүй нөхцөлүүд анх танилцуулсан л даа. Болохгүй гэдгийг тайлбарлахад хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, бид “Хамтарч ажиллая, мөнгө өгье” гэсэн болгоны амаар явжболохгүй гэдэгтсанал нэгдсэн. Тайзны зураач Баярмагнай өмнө нь хэд хэдэн жүжигт ажилласан туршлагатай уран бүтээлч юм билээ. Удирдаач нь Англиас ирнэ. Стэфано Торболи гэж олон улсад ажилладаг, туршлагатай маэстро аж. Манай театр өмнө нь “English school of Mongolia”-гийнхантай нэг бус уран бүтээлд хамтарч ажилласан болохоор одоо “Макбет”-ыг амжилттай бүтээнэ гэж бодож байна.
-Сурагчдыг дуурьт багтаах гэдгийг юу гэж ойлгох вэ?
-Хүүхдийн ганц, хоёр дүр бий. Түүнд тоглуулж болно.
-Энэ дуурь танд хэр ойр вэ?
-2020 онд Театр, урлагийн дээд сургуулийн төгсөх курст байхдаа энэ дууриар залуу найруулагчдын олон улсын наадамд оролцож байлаа. Уг бүтээлийг хэрхэн найруулж тавих төсөөллөө төсөл болгон бичиж, хэсгээс нь найруулан харуулж өрсөлдсөн юм. Тэгэхэд би шагналт байрт шалгарч чадаагүй л дээ. Шилдэг наймын нэг болсон минь өндөр амжилт байв. Уралдаанд бэлтгэх явцдаа их судалсан. Тийм ч болохоор дээр дурдсан сургуулийн зүгээс нэр дурдсан дууриудаас үүнийг сонгосон юм. Мөн Шекспирийнх гэдэг шалгуур чухал. Макбет бол баритон хоолойт дуучдын ур чадварыг шалгасан томоохон дүр. Хатагтай Макбетын дүр ч гэсэн сопрануудыг чамгүй сорьдог. Тийм болоод чтэр үү, манай гоцлол дуучдын дунд “Манайх энэ дуурийг тавих болоогүй. Чадахгүй” гэсэн хүн бий. Дуулах хүнд хэсгүүд бий гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ дуурийн урлаг өндөр хөгжсөн орнуудын театрууд тавьсаар, үзүүлсээр байдаг. Тэд чадаж байхад, бид яагаад болохгүй гэж. Би ийм бодолтой байгаа. Үүнийг чадахгүй гээд хойш тавья гэж бодъё. Тэгвэл дараа нь уран бүтээлийн сонголт хийх болохоороо яаж, юуг шалгуур болгож хандах вэ гэдэг асуудал гарна аа даа. Тийм болохоор шинэ бүтээл тавих боломж олдсон дээр чадна гээд зүтгэх нь зүйтэй. Бид тоглоно. Дуурь болгож чадсан, эсэхийг үзэгчид, урлаг судлаачид хэлэх байх. “Макбет” биш байвал, өөрөөр хэлбэл, тааруухан болбол би унана. Дажгүй болбол бид цаашид урамтай ажиллана.
-Аль ч тохиолдолд театрын ажил явахаас хойш алдаа байвал засаад, оновол батжуулаад урагшлах ёстой болов уу.
-Тийм ээ. Одоо бол зарим уран бүтээлчийн сэтгэл дундуур байдалд анхаарч, яах вэ гэж бодохоос илүүтэй дууриа хэрхэн зохистой тавьж, үзэгчдэд хүргэх тухайд тархиа ажиллуулж байна. Хөгжмийн зохиолч Ж.Верди “Макбет”-аа 1847 онд анх тоглуулсан. Үүний дараа бусдын шүүмж, зөвлөгөөний дагуу бага зэрэг өөрчилж 1865 онд шинэчилсэн хувилбараар тоглуулсан түүхтэй. Бид бол энэ хоёр шийдлийн аль алинаас авъя гэж байгаа юм. Хөгжмийн тухайд ярьж байна л даа. Ерөнхийдөө суут хөгжмийн зохиолчийн 1865 онд тоглуулсан хувилбарыг ноён нуруу болгох ч, төгсгөлийг 1847 оныхоор хийнэ. Энэ бол эмгэнэлт дуурь. Жүжгийн төгсгөлд үхдэг цэргийн жанжин Макбетыг хүн талаас нь харуулна. Аль X, XI зууны Англи, Шотланд, газар нутаг, хүмүүсийн байдал, онцлог, улмаар самуун, тэмцэл, тэрсэлдэгч талуудын тулааныг ойлгомжтой мэдрүүлэх ч Макбет чухам хэн байв гэдэгт анхаарал голчлон хандуулна.
-Сонирхолтой юм. Түүхэн кино санаанд ороод байна. Тайзыг хэрхэн шийдэх бол?
-Зураач тайзны эскизээ аваад ирсэн. Ярилцаж байгаа. Өнөөгийн үзэгчдэд тухайн үеийн байдлыг харуулнагээд бүхнийг тэр үеийн ахуй, аж байдлынх нь дүр зураг, өнгөөр үзүүлэхийг зорих уу, эсвэл бэлгэ тэмдгийн хэлбэрийг ашиглах уу, аль нь ч байлаа гэсэн Шекспирийн хэллэг, илэрхийллийг алдагдуулахгүй байхыгголчлон анхаарчажиллаж буй.
-Шинэ бүтээлийн талаар зах зухаас нь сонирхлоо. Манай улсын ДБЭТгурван шинэ найруулагчтай болжээ. Та ерөнхий нь. Мөн тантай хамт Оросын Театр, урлагийн дээд сургуулийг хөгжмийн театрын найруулагч мэргэжлээр төгссөн Б.Мэндбаярыг найруулагчаар ажиллуулж байна. Бас туслах найруулагчтай болж. Тэгэхээр байгууллагын хувьд үйл ажиллагаа, уран бүтээлийн шинэ үе эхэллээгэж харж байна. Театр өөрчлөгдөх үү?
-Театрыг би байшин барилга талаас нь хардаггүй. Харин хүн буюу уран бүтээл, уран бүтээлчид талаас нь авч үздэг. Ер нь түүх тийм байсан. Ямар нэг байдлаар байшинг түр хугацаанд ч юм уу ашиглах боломжгүй боллоо гэж бодоход тэр дуурь, балетыг тоглож л байх ёстой. Гэхдээ чанарыг алдагдуулжболохгүй. Театр, жүжиг, уран бүтээл бол гол нь хүмүүс дээр тогтдог. Тиймээс уран бүтээлчдээ хөгжүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, дуучдын ур чадварыг ахиулах, тухайлбал, гоцлол дууны ангид дуучин элсүүлэх шалгуурыг чангатгах, өөрөөр хэлбэл, босгыг өндөрсгөх зэрэг шаардлагатавина. Дуурийн орчин үеийн театр байя гэвэл, хэрвээ манайх дэлхийн дуурийн урлаг гэдэг дээвэрт багтдаг нь үнэн юм бол бид өөрсдийгөө тэр түвшинд барьж байх ёстой. Түүнээс биш одоогийнх шиг голын урсгалд хөвж яваа зомгол шиг байж болохгүй. Театрын ерөнхий найруулагч болсныг мэдсэн зарим хүн илэн далангүй хэлж байна. Танайх дуурь бүтээдэг театр биш боллоо. Дүр гаргадаг дуучин ховордлоогэж байна. Нэг талаар үнэн. Тэгэхээр тэр хүмүүсийн хэлэх гээд онохгүй, үгээ олохгүй байгаачлан Дуурийн театрыг концертын байгууллага байлгамааргүй байна. Дэлхийн сонгодог ч бай, үндэсний ч бай дуурь гэдэг бол дуурь. Энэ урлаг нь хөгжимд суурилсан жүжгийн талбар. Тэгэхээр дуучид юуны өмнө хөгжмийн маш өндөр боловсролтой байх ёстой. Дүрийг драмын жүжигчдээс илүүтэй гаргах шаардлагатай. Хоолойн чадал, өнгө, дуугаралт сайн байхын сацуу биеийн хэлэмж өндөртэй байх ёстой. Тэгж байж сая бид дуурь бүтээнэ. Би дуучидтайгаа энэ талаар байнга ярилцах болно. Энд дурдсан болгоны талаар ярилцаад, зөвшилцөөд урагшилбал театр өөрчлөгдөх болно. Үзэгчид тэр дуучин тэр дүрийг ямар сайхан бүтээв ээ, амилуулав аа гэж шагшдаг байх болно.
-Та театраа сайн мэдэхийн хувьд байгууллагын түүхэнд жүжгийн дүрийг маш сайн бүтээж байсан дуучин нэрлээч гэвэл хэнийг дурдах вэ?
-Хамгийн түрүүнд Ардын жүжигчин Ч.Мөнхшүр санаанд орж байна. Түүний Монголд бий болгосон Кармен бол дахин давтагдашгүй. Үүний дараа энэ дүрийг гоцлол дуучин Ц.Арюна маш сайхан бүтээсэн. Тэр үед би найрал дуунд дуулж байлаа л даа. Шинэ найруулгаар тавьсны нээлтийн тоглолт байсан юм. Төгсгөлд нь үхэдхийн унадаг хэсэгт Ц.Арюна шалан дээр хэвтэж байхдаа өөрийн эрхгүй асгаруулан уйлж байхыг хараад, дагаж уйлмаар болоод цээж давчдаж байлаа. Тэгж дүрдээ орж тоглосон. Гэхдээ түүний уйлсныг үзэгчид анзаараагүй. Харагдахгүй. Гагцхүү дүрээ сайн бүтээснийг нь үнэлж, алга удтал ташиж баяр хүргэж байсан юм.
-Санаж байна. Тэр тоглолтыг үзээд сонинд “Байгал далайгаас ирсэн Кармен” гэж бичсэн юм. Хойд хөршийн Буриадаас ирсэн дуучин шүү дээ.
-Манай дуучид чадвартай. Гагцхүү түүнийгээ бүрэн дүүрэн гаргаж, өөрсдийгөө илэрхийлж дуулах эр зориг, чин хүсэл бага зэрэг дутагдалтай юм шиг санагддаг.
-Тэдэнд байгаа давуу талыг ил гаргах, дүрүүдэд жинхэнэ утгаар нь хувиргах ажил найруулагчийнх уу?
-Ер нь бол тийм.