“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбаттай ярилцлаа.
-Монгол Улс гадаадын томоохон хөрөнгө оруулагчтай тогтвортой түншилж, хамтран ажиллаж чаддагийн илэрхийлэл нь “Оюутолгой” төсөл гэж хэлж болно. Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлж байгаа үед тантай ярилцаж байна. Цаашид уг төслийг улам амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улс ямар бодлого баримтлах вэ?
-“Оюутолгой” бол гуравдагч орны хөрөнгө оруулалттай, дэлхийн хэмжээний уул уурхайн мега төсөл. Энэхүү төслийг эхлүүлсэн цагаас, Монгол Улсын хууль, дүрэм журмаас авхуулаад эдийн засаг, улс төр, нийгмийн шилжилт хараахан төлөвшөөгүй байсан үед гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбарт оруулж ирэхэд ард иргэдийн санаа, үзэл бодол янз бүр байсан. Үүнээс гадна уул уурхайн томоохон төсөл ямар хэмжээний хөрөнгө оруулалтыг гадаадын зах зээлээс босгож, үүгээрээ хэрхэн бүтээн байгуулалт хийдэг вэ гэсэн туршлага өмнө нь монголчууд бидэнд байгаагүй. Өмнөх нийгэм, өөр тогтолцооны үед Эрдэнэт, Багануур, Шарын голын уурхайн төслийг цаанаасаа буюу тухайн үеийн Эдийн засгийн харилцан туслалцах нийгэмлэгийн санхүүжилтээр хөдөлгөж байсан шүү дээ. Эдгээртэй харьцуулбал “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч талууд ойлголцох хүртлээ олон шалгуур, нэлээд цаг хугацаа зарцуулсан. Гэсэн ч манай улс уг төсөлд 34 хувийг эзэмшдэгийн хувьд үе үеийн УИХ, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Таны хэлсэнчлэн Монгол Улс тогтвортой түншилж, хамтран ажиллаж чаддагийн нэг илэрхийлэл нь “Оюутолгой” төсөл гэж хэлмээр байна. Цар хүрээний хувьд янз бүр олон төсөл бий. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр уул уурхайн төслийн хувьд зогсох боломжгүйгээр цаашид үргэлжлэх хөгжлийнхөө шинэ гараа, ахисан түвшинд хүрч байна. Ингэснээр эл төслийн эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирна. Үр дүнгийн таамагласан төсөөллөөс даваасай гэж хүсэж байна. Урьдчилсан байдлаар хүдрийн агуулга нь гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол байгаа нь төслийн мөнгөн урсгалд эерэг нөлөөтэй.
-“Оюутолгой” компанийн 66 хувийг “Рио тинто” групп эзэмших болсон. “Рио тинто” ийнхүү шууд хувь эзэмших болсон нь хөрөнгө оруулагчтай харилцах харьцаанд ямар өөрчлөлт оруулсан бэ. Тухайлбал, яриа хэлэлцээ хийхэд цаг хэмнэх гэх мэт өөрчлөлт гарав уу?
-Хувьцааны дийлэнх олонхыг эзэмшигчтэйхараахан албан ёсоор нүүр тулж уулзаагүй байна. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх арга хэмжээний үеэр уулзалдах байх. Хууль, эрх зүйн зарим зохицуулалттай холбоотой асуудлуудаа бүрэн дуусгасны дараа Засгийн газар хувьцаа эзэмшигчидтэй хэлэлцээний ширээний ард арай өөр нөхцөл байдалд суух болов уу. Цаашид төслийн ил тод байдлыг сайжруулах, ТУЗ-д хараат бус гишүүдийг оруулах саналыг манай талаас тавьж байгаа.
-Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд гүний уурхайн олборолтыг эхлүүлж буй нь том алхам болж байгаа талаар тайлбарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Засгийн газрын 2020-2024 онд баримтлах үйл ажиллагааны хөтөлбөрт “Оюутолгой” төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д эдийн засгийн нэмэлт тулгуур болох томоохон төслүүдийг дэмжиж, урагшлуулахаар заасан юм. Эл бодлогын нэг хэсэг болох “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хилийн гарцыг нэмэгдүүлэхээр буй. Үүнд хамгийн гол нөлөө үзүүлэгч төслүүдийн нэг нь “Оюутолгой”. Тухайлбал, Гашуунсухайтын боомт хүртэл хатуу хучилттай авто замыг тус төслийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан, улсын комиссын шийдвэрээр ашиглалтад оруулаад байна. Ингэснээр байгаль орчинд ээлтэйгээр, саадгүйгээр зэс хайлуулах үйлдвэрт хүрч, холбогдоно гэсэн үг. Мөн өнгөрсөн оны тавдугаар сард “Монголын төмөр зам” компанитай хамтран Замын-Үүдээр баяжмалыг тодорхой хэмжээнд туршилтаар экспортолсон. Цаашид төмөр замын үйл ажиллагаа жигдэрвэл баяжмалынхаа тодорхой хэсгийг экспортлон, тээвэрлэлтийн өртгийг бууруулна гэж тооцож буй. Энэ мэтээр төслийн үр өгөөж нь олон талын хамтын ажиллагааны үр дүнд бага багаар нэмэгдэнэ хэмээн найдаж байна.
-Манай улс гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авч буй. Үүнд “Оюутолгой” төслөөс оруулж буй хувь нэмэр нэлээд жин дарж байгаа байх, тийм үү?
-Мэдээж аль болох олон төрлийн бүтээгдэхүүн экспортлох нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлж, орлогыг маань нэмэгдүүлнэ. Үүний томоохон хэсэг нь уул уурхайн экспорт. Өнгөрсөн онд “Оюутолгой” төслөөс улсын төсөвт бүх төрлийн татвар болон хураамжаар 314 сая ам.доллар төлсөн. Мөн 2022 онд ДНБ-ий 10.4, уул уурхайн экспортын 11.4 хувийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн түрүүнд хэлсэнчлэн гүний уурхайн хүдрийн агуулга гурав дахин нэмэгдэхтэй холбоотойгоор ирэх жилүүдэд төлөх татвар өсөх юм. Цаашид төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Оюутолгой” компани, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг хамтран зэс хайлуулах үйлдвэрийн урьдчилсан бичиг баримтыг боловсруулах ажлыг зохион байгуулан, бичиг баримтыг эхний шатанд бэлэн болгочихоод буй. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулаад, баталчихвал зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчдад тавих сонгон шалгаруулалтын бичиг баримт бүрэн болох юм. Манай компани Оюутолгойн бүлэг ордод түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барих ёстой. Ингэж байж өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх юм. Энэ ажлыг аль болох хурдан эхлүүлэх хэрэгтэй.
-Ер нь уг төслөөс Монголын эдийн засаг, нийгэм, хөрөнгө оруулалтад оруулж өгөөжийг Та юу гэж тодорхойлох вэ?
-Зэс болон өнгөт металлын үйлдвэрлэл эрхэлж байгаа “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” гэсэн хоёр компани бол Монголын эдийн засгийн том тулгуур, багана нь юм. Цаашид ижил төрлийн уурхайнуудыг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Юуны түрүүнд, “Оюутолгой” төслийн инженер, техникийн ажилтнуудболон туслан гүйцэтгэгч компаниуд дэлхийн уул уурхайн зах зээлд гарлаа. “Оюутолгой” компанид ажиллаж байгаа туршлагатай, чадвартай хүмүүс дэвшээд, дэлхийн олон оронд “Рио тинто” болон өрсөлдөгч компаниудад сэлгэн ажиллаж байна. Энэ бол уул уурхайн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг дэлхийд өрсөлдөхөд оруулсан хувь нэмэр юм. Мөн шинэ техник, технологи, инновац шингээсэн гүний уурхайн төсөлд туслан гүйцэтгэгчээр ажилласан, ер нь оролцсон бүх хүн дэлхийн хэмжээний дараа дараагийн төсөлд хамтрахад “Оюутолгой” ямагт давуу тал болж, урагшлуулна гэдэгт итгэлтэй байна. Эл төсөлд ажиллаж буй гадаадын мэргэшсэн хүмүүсийн тоо жилээс жилд цөөрч буй. Тэр орон зайг нь монгол мэргэжилтэн, ажилтнууднөхөж байгаа нь бас давуу тал юм. Энгийн жишээ дурдахад, аюулгүй ажиллагааны рейтингээрээ “Рио тинто” дотроо төдийгүй дэлхийн хэмжээнд гүний уурхайн томоохон төслүүдэд дээгүүрт орж байгаа. Иймд “Оюутолгой”-д ажиллаж байгаа ажилтанбүр хөдөлмөрийн сахилга батыг маш сайн мөрдөж ажиллаж байгаа. Бусад туслан гүйцэтгэгч нар маань ч эл төсөлд оролцох явцдаа өөрсдийнхөө ур чадварыг бүх түвшинд дээшлүүлж чадсан гэж хэлмээр байна. Нөгөө талаас байгаль орчин, экологид аль болох сөрөг нөлөө багатай ажиллах гэсэн арга барил нь ч давуу тал болох юм. Тухайлбал, ус ашиглалт, нөхөн сэргээлт, говийн экосистемийг хэвээр хадгалах гэх мэт чиглэлээр хийж байгаа ажлууд нь ямагт дэлхийн дунджаас дээгүүр байгаа. Мөн гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай, уул уурхайн ижил төрлийн компаниудын суралцах, загвар, жишиг нь “Оюутолгой” төсөл болчихож. Маш олон ноу-хау, инновацыг Монголд нэвтрүүлснийг нь яах аргагүй хүлээн зөвшөөрч, хүрсэн түвшин, стандартыг нь бууруулахгүйгээр авч явах нь бидний хувьд цаашдын гол ажил юм. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, хасагдсан явдал нь хувьцаа эзэмшигч болон ТУЗ-ийн асуудал. Харин төсөлд оролцсон инженер, албан хаагч болгоны ажлын үр дүнд энэ төсөл урагшилж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс олон жилийн хугацаанд эл төсөлд мэдлэг, чадвараа зориулж, дайчлан, дэлхийн энд хүргэхэд хувь нэмрээ оруулж явсан хийгээд одоо ажиллаж байгаа бүх хүнд энэ өдрийн мэнд дэвшүүлж, баяр хүргэе. Төсөл маань хөгжлийн томоохон гараан дээрээ ирлээ. Тэр хүмүүсийн мэргэжлийн үүднээс оруулсан хувь нэмэр нь гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх хугацааг наашлуулсныг онцлохыг хүсэж байна.
-Хөрөнгө оруулагч талтай хийж буй хэлэлцээний явц ямар байгаа талаар Та мэдээлэл өгч болох уу?
-Хэлэлцээний хүрээнд ярьж байгаа асуудал маань тодорхой. Заримыг нь эхнээс нь шийдээд явж байна. УИХ-ын 103 дугаар тогтоолын ихэнх зүйл, заалтыг хэрэгжүүлсэн. Бизнесийн хэлэлцээ учраас олонд нээлттэй байлгахаас илүүтэй Монгол Улсын хууль, дүрэм журамд нийцүүлэнажиллах ёстой гэсэн гол шаардлагыг хангаж байгаа.
-“Эрдэнэс Монгол” компанийн ажилтнуудыг нээлттэй сонгон шалгаруулсан. Цаашид ч төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахаар Засгийн газар төлөвлөж байгаа. Энэ нь хөрөнгө оруулагчтай тогтоосон харилцаагаа улам бэхжүүлэх, цаашид илүү тогтвортой үргэлжлүүлэхэд нөлөөтэй. Эл чиглэлээр танай компани ямар бэлтгэл ажил хангаж байна вэ?
-Толгой компани маань шинэ менежмент нэвтрүүлээд явж байна. “Эрдэнэс Оюутолгой” компанийн хэмжээнд ч энэ талаар ярьж ирсэн. Олон жил ажиллаж, мэргэшсэн хүнээ чадавхжуулах, сургах, өрсөлдөхүйц байлгах шаардлагатай. Учир нь “Оюутолгой” нь олон улсын хэмжээний төсөл учраас хамтран ажиллах багийг нь ижил түвшинд аваачих ёстой. Ингээгүйгээс болж ойлголцохгүй, улмаар үл итгэлцэл үүсэх эрсдэлтэй. Мэдэхгүй, чадахгүйн улмаас үл ойлголцол үүсвэл төслийн ирээдүйд сөргөөр нөлөөлөх учраас ийм алдаа гаргахгүй байхыг зорьж ажиллаж байгаа. Цаашид ч ингэж ажиллана. Манай Геологи, уул уурхайн албаны залуус гэхэд харьцангуй чадавхажсан. “Оюутолгой”, “Рио тинто” төдийгүй ижил төрлийн, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа, бусад орны төрийн өмчит компаниудтай хамтран туршлага солилцох ажлыг эхлүүлээд буй. “Оюутолгой” төслийн олборлолтын өртөг бусадтай харьцуулахад ямар байгаа, баяжуулах үйлдвэрийн металл авалт болон эрчим хүчний зарцуулалтын хувь нь хэд байна гэх мэтээр нягталж байна. Мөн төслийн санхүүгийн моделийг бараг долоо хоног бүр өөрчилж буй. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлт гарвал яах вэ, Лондоны банк хоорондын арилжааны зээлийн хүү дээшилбэл хэрхэн нөлөөлөх вэ гэх мэтээр олон шинжилгээ хийж байна. Геологи, уул уурхайтай холбоотой мэдээлэлд хийдэг дүн шинжилгээг салбарын яам, Геологийн төв лаборатори, Сангийн яам, аудитын байгууллага руу өгдөг. Санхүү, эдийн засагтай холбоотой асуудлаар Сангийн болон Эдийн засаг, хөгжлийн яам, Монголбанк зэрэг байгууллагатай мэдээлэл солилцох жишээтэй. Боловсон хүчний хувьд манайх чадавхажсан гэж хэлэхэд нүүр бардам байна. Бидэнд байгаа туйлын давуу тал бол гүний уурхайн олборлолтын төсөлд боловсон хүчнээ бэлтгэж, ахиц дэвшил гаргасан явдал юм.
-Оюутолгойн ордыг эрчим хүчээр хангах “Тавантолгойн цахилгаан станц” төслийн санхүүжилт, бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар хариуцах учиртай. Уг нь станцын бүтээн байгуулалтыг хэдийн эхлүүлчихсэн байх ёстой. Цахилгааны эх үүсвэргүй тул жил бүр 100-120 сая ам.долларыг БНХАУ-д өгч байна шүү дээ. Тус станцыг барих ажил ямар шатанд байна вэ?
-Энэ ажлыг аль болох хурдан эхлүүлэх ёстой. Ойрын үед буюу энэ сард Засгийн газрын хуралдаанд танилцуулаад, тендер зарлахтай холбоотой асуудлыг нь шийдвэрлэнэ гэсэн мэдээлэлтэй байна. Зургаан сарын өмнө ч болов эхлүүлбэл тэр хугацаанд хэрэглэх цахилгааны төлбөрийг бусдад төлөхгүй гэсэн үг. Энэ чиглэлээр илүү нээлттэй ажиллах учиртай. Тиймээс “Эрдэнэс Оюутолгой” бүх талын дэмжлэг үзүүлэхээр зорьж байгаа.
-Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор урт хугацаанд орон нутгийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалт ямар байх вэ?
-“Оюутолгой” төслийг олон жилийн турш “Эрдэнэт үйлдвэр”-тэй харьцуулж ирлээ. Энэ төсөл цаашид багадаа 80 гаруй жил үргэлжилнэ. Хөрөнгө оруулагч талтай ярилцсаны үндсэн дээр өнгөрсөн жил 50 сая ам.долларыг Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд зарцуулахаар тохиролцсон. Энэ онд Ханбогдыг шинэ суурьшлын бүс болгох, орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт шаардлагатай дэд бүтцийг барих санхүүжилтийг баталж, ажлууд нь эхлэх гэж байна. Хамгийн гол нь урт хугацаанд ашгаа өгөх, хувийн хэвшил хөрөнгө оруулах боломжгүй төслүүдийг санхүүжүүлэхээр санал нэгдсэн юм. Бүтээн байгуулалтын хэд хэдэн ажлын ТЭЗҮ-ийг эцэслэн баталж, ирэх тав, зургадугаар сар гэхэд Ханбогдын хөгжлийн шинэ гарааг эхлүүлнэ хэмээн найдаж байна. Манай компани тусгайлан Ханбогдын хөгжлийн төслийн хамтын ажиллагааны нэгж байгуулан ажиллаж байгаа. Үүнд “Рио тинто” болон “Оюутолгой”-гоос тус бүр гурван хүнийг ажиллуулах юм. Мөн “Оюутолгой” компани тусдаа “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюутолгой” сан байгуулсан. Сангийн гүйцэтгэх захирлыг удахгүй томилно. Ингэснээр орон нутагт уул уурхайг түшиглэсэн бус, бусад эдийн засгийн салбарыг алхам алхмаар өргөжүүлэх ажил идэвхжих юм.
Эцэст нь хэлэхэд, бид уул уурхайг өөр өнцгөөс харж, томоохон төсөлд их хөрөнгө, хугацаа зарцуулж, урт хугацаанд үргэлжилдгийг “Оюутолгой”-гоос харж, мэдэрч байна. Ийм томоохон, системтэй төслийг хэрэгжүүлэх ажил хоёр, гурав биш, 20, 30, 40 жилээр үргэлжилдгийг Монголын ард түмэн харж, хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ. Мега төслүүд урт хугацаандаа үр өгөөжөө өгдгийг бүгд ойлгочихвол манай эдийн засаг ирэх жилүүдэд, урт хугацаандаа олон салбараас орлого олж, илүү олуулаа ажлын байртай болж, одоо яриад байгаа богино хугацааны зовлонгоосоо салах юм. 20 гаруй жилийн ажил, хөрөнгө оруулалтын үр дүнд цаашид олон арванжил үргэлжилж, үр дүнгээ өгөх “Оюутолгой” төслийг бий болгодгийг ойлгоосой гэж хүсэж байна. Тиймээс аль болох мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож, заавар, зөвлөгөөг нь дагаж, шинжлэх ухааны үндэслэлтэй тоо, баримтад тулгуурлаж байж мэдээллээ солилцох нь бидэнд хэрэгтэй. Буруу сонссон тоогоо ярьж төслийг гацаадаг алдаагаа давтахгүй бол цаашид “Оюутолгой” шиг олон төсөл Монголын эдийн засагт үр өгөөжөө өгч, манай иргэд ажлын байртай болно. Энэ нь эдийн засгийг солонгоруулах суурь нь байх юм. Үүний төлөө бүгдээрээ хамтран ажиллах нь чухал