АНУ-ын ажил эрхлэлтийн үзүүлэлт таамагласнаас сайн гарсныг танилцуулсны дараа газрын тосны ханш баасан гарагт дээшиллээ. Тодруулбал, уг таваарын үнэ нэг гаруй хувиар өссөн тухай “Reuters” дамжуулав. “Brent” маркийн нефтийн ханш эл өдөр 1.5 хувиар нэмэгдэн баррель нь 82.78 ам.доллартой тэнцсэн байна. Мөн WTI маркийн баррель нефтийн үнэ 1.3 хувиар өссөнөөр 76.68 “ногоон”-той дүйжээ. Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ болон Европын орнууд бодлогын хүүгээ нэмж магадгүй гэх таамаг үүссэн нь “хар алт”-ны ханш буурахад нөлөөлөөд байв. Гэхдээ АНУ-ын Холбооны нөөцийн сан дээрх хүүг өндөр хувиар нэмэхгүй байх магадлалтай гэсэн мэдээлэл цацагдсан аж. Тус улсын Төвбанкны мөнгөний бодлогын хурал энэ сарын 21, 22-нд болох товтой юм. Хөрөнгө оруулагчдын хувьд ОХУ энэ сард газрын тосны экспортоо багасгах шийдвэр гаргасныг мөн анхааралтай ажиглаж буй гэнэ.