Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж, улстөрийн нам байгуулах заалтыг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрх бүхий иргэдийн тоо хоёр сая гаруй байв. Үүгээр жишээ авбал багадаа 20 мянган иргэн эвлэлдэн нэгдэж байж нам байгуулах юм. Уг заалтыг 2028 оноос мөрдөж эхлэх үед манай хүн ам, сонгуулийн эрх бүхий иргэдийн тоо нэмэгдсэн байх учраас нам байгуулах босго тэр хэрээр өндөрсөнө гэсэн үг.
Одоогоор Узбекистан улсад нам байгуулахын тулд 20 мянгаас доошгүй иргэн эвлэлдэн нэгдэх шаардлага тавьж буй нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байгаа бөгөөд манайх үүнийг удахгүй хол хаях бололтой. 2019 оны эл нэмэлт, өөрчлөлтийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) тэргүүтэй олон улсын байгууллагууд хүчтэй шүүмжилж, ардчилал, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн эсрэг зохицуулалтаасаа даруй татгалзахыг шаардаж байв. Тиймээс ч мөрдөж эхлэх хугацааг нь 2028 он хүртэл хойшлуулсан юм. ЕАБХАБ-ын зүгээс найман сая хүн амтай улсад доод тал нь 1000, дээд тал нь 5000 иргэн эвлэлдэн нэгдэж байж нам байгуулах шаардлага тавих нь тохиромжтой хэмээн зөвлөдөг аж.
Харин өдгөө манайд мөрдөж буй Улс төрийн намын тухай хуулиар тухайн намыг бүртгэх, эсэхийг шийдэхдээ Дээд шүүх 801-ээс доошгүй гишүүнийх нь бүртгэлийг харгалзаж буй. Ингэхдээ тэдний ургийн овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсгийг нь хавсаргах ёстойг хуульд заажээ. Гэвч Дээд шүүх Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг 2021 онд шинэчлэхдээ дээрх мэдээллүүдээс гадна тухайн иргэний гар утасны дугаарыг шаардах болсон байна. Мөн МАН-д гишүүнээр элсэх цахим бүртгэлд иргэний цахим шуудангийн хаягийг нэхдэг гэнэ. Намыг бүртгэхдээ захиргааны ачааллыг аль болох бага байлгахын оронд энэ мэтчилэн хуулиас давсан журам баталж, иргэдэд элдэв шаардлага нэмж тавьж байгааг өнгөрсөн баасан гарагт болсон “Улс төрийн нам үүсгэн байгуулах, өөрчлөх, хориглох, татан буулгах эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлгийн үеэр судлаачид онцолсон юм. Ер нь намыг бүртгэхдээ гишүүд, дэмжигчдийнх нь овог, нэр, иргэнийбүртгэлийн дугаар, оршин суух хаягийн мэдээллийг нь шаарддаг нийтлэг жишиг олон улсад байгааг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант, хуульч Н.Энхцэцэг хэлэв. Гэхдээ Болгарт гишүүдийнх нь мэдээллийг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг аж.
Цаашлаад 801-ээс цөөнгүй гишүүний мэдээллийг Дээд шүүх хэрхэн хянадаг вэ гэдэг нь эргэлзээ дагуулсан асуудал юм. Тухайлбал, бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай бол Дээд шүүх бүртгэхээс татгалздаг. Өөрөөр хэлбэл, тэднийг өөр намын гишүүн, эсэхийг хянадаг гэсэн үг. Жишээ нь, Дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Улсын эрх ашиг, тусгаар тогтнолын нам (УЭАТТН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд, Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул татгалзсан байдаг. Ингэхдээ “Улс төрийн намын тухай хуулийн 10.1.3-т заасан улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын гишүүд нь өөр намын гишүүнчлэлгүй байх шаардлага хангасан, УЭАТТН-ын гишүүн мөн, эсэхийг шүүхээс түүврийн аргаар, тус намын гишүүний жагсаалтад буй тодорхой тооны хүмүүстэй холбогдож тодруулахад УЭАТТН-ын гишүүн биш гэж 56, өөр намын гишүүн (МАН, АН) гэж хоёр хүн мэдэгдсэн” хэмээн татгалзсан үндэслэлдээ тайлбарлажээ.
Тэгвэл Дээд шүүхийн цахим хуудсан дахь МАН-ын мэдээлэлд тус намыг 161 300 гишүүнтэй гэж дурдсан байна. Харин эрх баригчид өөрсдийнхөө албан ёсны цахим хуудсандаа өчигдрийн байдлаар 286 688 гишүүнтэй хэмээжээ. 100 гаруй мянгаар зөрж буй эдгээр тооны аль нь бодитой вэ. Энэ бол нэг л жишээ. Бусад намын гишүүдийн тоо хэр хэмжээгээр зөрөхийг тааварлашгүй. Үнэндээ зарим намд нь гишүүдийн бүртгэл гэж байдаг ч юм уу, бүү мэд. Намууд хэнийг гишүүн гэж үзэх нь тодорхойгүй, ямар нэгэн үүрэгжүүлсэн арга хэмжээ авдаггүй, ядаж л татвараа бүрэн авдаггүй, төлдөггүй дүр зураг нийтлэг байгаа цагт гишүүдийнх нь бүртгэл, мэдээлэл ихээхэн эргэлзээ дагуулж буй.
Улс төрийн намын тухай хуулийн 15.6-д “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” хэмээх заалт бий. Энэ нь 2010 онд МАХН уугуул нэрээ сэргээн, МАН болсны дараа нэлээд маргаан дагуулсан заалт юм. Өөрөөр хэлбэл, уугуул нэрээ сэргээхийг дэмжээгүй Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс МАХН нэрээ авч, тусдаа нам байгуулсан, түүнийг нь Дээд шүүх бүртгэх, эсэхтэй холбоотой ээдрээтэй үйл явц эл заалтыг тойрч өрнөсөн гэхэд болно. Н.Энхбаяр нарт МАХН нэрээ алдахгүй гэсэн МАН-ынхан шүүхэд хандаж, яван явсаар Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц хүрсэн байдаг. Ингээд Цэц Иргэний, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон Улс төрийн намын тухай хуульд намын бүтэн болон товчилсон нэр нь бусад хуулийн этгээдийн нэртэй давхардах, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төстэй байх, хүний нэр байхыг хориглодог бөгөөд өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн, намын шийдвэртэй санал нийлээгүй тухайн намын гишүүд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, дахин нам байгуулах, дээрх шаардлагуудыг хангасан нэрээр байгуулсан намаа нэрлэх эрхтэй гэж үзсэн юм. Улмаар Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дахь хэсэг нь Үндсэн хуулийн 16.10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэснийг зөрчөөгүй гэж Цэц дүгнэжээ. Цэцийн уг дүгнэлтэд үндэслэн Дээд шүүх эл зохицуулалт, өөр намын хэрэглэхээ больсон нэрийг шинээр байгуулагдаж буй нам дахин хэрэглэх тохиолдолд хамаарахгүй, хуулийн этгээдийн нэртэй холбоотой асуудлыг зохицуулсан Иргэний болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтад ийм агуулга бүхий шаардлага байхгүй хэмээн үзэж МАХН-ыг 2011 онд бүртгэсэн түүхтэй.
Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж, улстөрийн нам байгуулах заалтыг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрх бүхий иргэдийн тоо хоёр сая гаруй байв. Үүгээр жишээ авбал багадаа 20 мянган иргэн эвлэлдэн нэгдэж байж нам байгуулах юм
Гэвч Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дахь хэсэг нь Үндсэн хуулийн 16.10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” хэмээснийг зөрчсөн гэж үздэг хуульч цөөнгүй аж. Иймд намын нэр нь үзэл санааны хураангуйлсан хэлбэр, үүнд үндэслэн эвлэлдэн нэгдсэн намын гишүүдийн оюуны өмч учраас төр хөндлөнгөөс оролцож, эвлэлдэн нэгдэх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжийг хааж байна хэмээн тайлбарлан, дээрх заалтыг эргэж харах нь зүйтэй гэх байр суурь илэрхийлж байна. Тэр тусмаа Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх гэж байгаа энэ үед үүнийг орхигдуулалгүй, тал талаас нь хэлэлцэж, ярилцах нь зүйтэй биз ээ.
Тэгж яривал улс төрийн нам нь хуулийн этгээдийн статустай хэдий ч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасанчлан нэр бүхий 10 хэлбэрийн чухам алинд нь хамаарах, эсэх нь тодорхойгүй л байгаа. Иймдээ ч намын үүрэх үүрэг, хүлээх хариуцлага нь орхигдож, хуульгүй мэт аашилж ирсэн гэхэд болно. Үүнээс авхуулаад олон чухал асуудлыг Улс төрийн намын тухай хуулийн 20 жилийн дараах шинэчлэлээс орхигдуулж боломгүй санагдана.