“Шаравын Сүрэнжав” сангаас Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан их найрагчийн нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн улсын наадмыг зохион байгуулах гэж байна. Үүний хүрээнд яруу найраг сонирхогчдын дунд Шаравын Сүрэнжав, эх орон, шударга ёс, хүнлэг сэтгэл, залуу нас сэдвийн хүрээнд шүлэг, найраглал туурвих уралдаан зарласан билээ. Нэг найрагч 3-5 бүтээл илгээж болох бөгөөд зохион байгуулагчдын зүгээс томилсон утга зохиол судлаачид, уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулах аж. Шалгарсан бүтээлүүдийг эмхэтгэл болгон хэвлүүлнэ. Мөн шилмэл бүтээл туурвисан хүмүүсийг тэргүүн, дэд, гутгаар, тусгай байр эзлүүлэн, мөнгөн шагнал болон Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит шагналаар урамшуулах ажээ.