Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн арванхоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 13.2, өмнөх сараасаа нэг хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос баасан гарагт мэдээллээ. Инфляц ийнхүү 13.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.4, согтууруулах ундаа, тамхины бүлгийнх 8.1, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 18.5 хувиар дээшилсэн нь голлон нөлөөлснийг тэмдэглэжээ. Мөн орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.4, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийнх 17.4, тээврийнх 6.2 хувиар нэмэгдсэн нь ч бас нөлөөлсөн аж.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. 410 нэр, төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортынх байгаа нь нийт жингийн 46 хувийг эзэлж буйаж. Инфляц өнгөрсөн сард 13.2 нэгж хувь гарсны бараг тал буюу 6.3 (47.6 хувь) нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Тэгвэл Улаанбаатарт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ арванхоёрдугаар сард өмнөх оныхоо мөн үеийнхээс 12.9 хувиар өсжээ. Эл хугацаанд нийслэлд хэрэглээний сагсны 404 нэрийн бараа, үйлчилгээнээс 132-ынх нь (32.7 хувь) үнэ өмнөх сараасаа өсөж, 24-ийнх нь (5.9) буурч, 248-ынх нь (61.4) өөрчлөгдөөгүй гэнэ.