Аймгийн ЗДТГ, Булган сумын ЗДТГ, Цэнхэр суман дахь сум дундын ойн анги, Лондоны амьтан судлалын нийгэмлэг, Булган сумын нөхөрлөлүүдийн холбоо ТББ-тай хамтран Баянбулаг багийн Улаан нүүр, Тамир багийн Жаргалантад байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүдээр ойн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгүүлж байна.
Энэхүү ажлын зорилго нь ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар байгалийн сэргэн ургалтыг дэмжих, ойн талбайг түймрийн аюулаас хамгаалах, төв суурин газрын айл өрхийг галын түлээний модоор хангах явдал юм.
Ойн цэвэрлэгээний ажлаар бэлтгэх түлээний модны нөөц ашигласны төлбөрийг Засгийн газрын 2020 оны 184 дүгээр тогтоолд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийн дагуу ногдуулж байгаль хамгаалагч эрхийн бичиг олгож байна.
Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүд ойгоос бэлтгэсэн түлээний модыг зах зээлийн үнээс хөнгөлөлттэй үнээр 2022 оны 12 дугаар сарын 16-аас 18-ны өдрүүдэд аймгийн төвд худалдан борлуулна.
Ахуйн хэрэгцээнд галын түлээ бэлтгэх хүсэлтэй иргэд ойн цэвэрлэгээний талбайгаас мод бэлтгэж, тээвэрлэх боломжтой гэнэ.