“Трэшмен” гэдэг дарвуулт онгоц 1982 онд Умард Каролины эрэгт сүйрэв. Багийнхнаас таван хүн аварга загаснууд бужигнасан тэнгис дотор гар хоосон үлдэх нь тэр. Тэд аажмаар ухаан алдаж, ар араасаа үхэж байлаа. Харин хоёр нь аврагджээ.
Зөвлөлтийн “Оленегорск” гэдэг хөлөг онгоц 1982 оны аравдугаар сард Кубээс хөдөлж Канадыг зорьсон аж. Гаттерас хошууны дэргэд хөвж байхдаа хөлгийн залуурч Юрий Кавешников тэнгис дотор завь байхыг олж харав. Завин дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байлаа. Тэд хүмүүсийн анхаарлыг татах гэж гараараа даллаж байсан юм. Онгоц тэдэнд ойртож очиход багийн нэг гишүүн Зайченко аврах дугуйг шидэв. Тамир тэнхээгээ барсан америкчуудыг хөлөг рүү татлаа. Хөлгийн мужаан Юрий Догарев оосроор дамжин бууж, тэднийг хөлгийн тавцан руу гаргав. Залуу эр, бүсгүй хоёрыг даруй эмнэлэг, сувиллын өрөөнд аваачжээ. Тэд амь өрссөн ямар аюулыг давж гарсныг Зөвлөлтийн усан цэргүүд мэдэхгүй байлаа.
Аврагдсан эмэгтэйг Дебби Скейлинг гэдэг аж. 24 наслахдаа тэрбээр далайгаар дэлхийн талыг туулж, хөлөг онгоцны нэр хүндтэй уралдаанд оролцож, “Уитбред” гэж нэрлэдэг дэлхийг тойрох тэмцээнд өөрийгөө “сойсон” анхны америк эмэгтэй байв. 1982 оны есдүгээр сард Дебби 18 метр урт хоёр шурагтай “Трешмен” онгоцоор Мэн муж улсынхаа жижигхэн усан буудлаас хөдөлжээ. Энэ нь АНУ-даа хөлөг онгоцоор хийсэн анхны ажил нь байлаа. Эдний баг Америкийн зүүн эргийн дагуу явж Флоридад очих болжээ. Тэнд хаягдал төмөр цуглуулж, хог зөөсөөр баяжсан Техасын магнат, “Трешмен” хөлгийн эзэн Моррис Ньюберг хүлээж байв. Завтай цагтаа тэр эхнэртэйгээ Мэн болон Карибын тэнгисийн эргээр хөлөг онгоцоор зугаалах дуртай байж.
Онгоцны ахмад нь 31 настай Жон Липот байлаа. Тэрбээр нэг хөлөг дээр уддаггүй хүн ажээ. Ажлаас халагдах шалтаг мундахгүй, багийнхаа хэн нэгэнтэй нь ааш зан таарахгүй л гэнэ, ажлын хугацаа, хуваарь санаанд нь нийцсэнгүй ч гэх шиг, эсвэл төлөвлөгөө өөрчлөгдсөн ч гэнэ үү. Түүнтэй хамт сэтгэлтэй бүсгүй нь гэх далай, тэнгисийн ажил үйлсийн талаар юу ч мэдэхгүй 36 настай Мег Муна нь цуг явна.
Аялал уг нь элдэв явдалгүй эхэлсэн юмсанж. Онгоц Нью-Йоркийг өнгөрөөд Мэрилендэд ойртож байлаа. Тэд хоёр өдөр яваад усан буудалд зогсов. Хөлгийн ахмад хийх ажилгүй, өрөөндөө ороод чимээгүй болчихно, архи байнга ууна, үүнд нь Дэбби их дургүйцнэ. “Жонд шар айраг, кола хоёрын алийг нь ч уусан ялгаагүй. Түүний бодлоор шар айраг согтоох ундаа биш” гэж Дебби ярьдаг байж.
Дебби Скейлинг
Аннаполисоос Их Британийн 27 настай Марк Адамс, 22 настай Брэд Кавано нар “Трэшмен”-д суув. Брэд нь Деббитэй сайн танил, олон улсын далбаат хөлгийн уралдаанд бас оролцож байжээ. Маркаас Дебби болгоомжилж байлаа. Энэ англи эр таамаглахын аргагүй хүн, хөлгийн ахмадаас ч илүү “хөнтөрдөг” эр аж. Деббигийн болгоомжлол, түгшүүр улам нэмэгдэж байв. “Трэшмен”-ий багийг хожим нь тэрбээр “зэрлэг, түрэмгий англи эр, ажлаа сайн мэддэггүй ахмад, далай, тэнгисийн талаар ямар ч ойлголтгүй этгээд зантай хүүхэн” гэж дурссан байдаг. Тэгээд Дебби тэднээс холдох, эрэг дээр гарахаар шийдсэн ч түүнийг Америкийн ямар ч хөлөг онгоц авахгүй гэж ахмад нь хэлсэн нь үнэн байж болохоор санагдсан тул үлдсэн аж. Энэ нь буруу байв.
“Энэ аялал муугаар төгсөх нь гэдгийг Аннаполист өнгөрүүлсэн сүүлчийн шөнө бүгд мэдэж байсан бололтой. Сүйрэл хэзээ хэзээгүй болсон мэт. Бид тасартлаа уусны дотор Марк бүгдээс илүү согтов” гэж Дебби сүүлд нь бичсэн байв. Өглөө нь хөлөг хөдлөв. Флорида хүртэл ердөө ганц зогсоол үлдээд байж.
Хоёр дахь өдөр тэнгэр муухайрч, давлагаалж эхлэв. Шөнө нь салхины хурд секундэд 36 метр болж, 12 метр өндөр давлагаа хөлгийг хүүхдийн тоглоом шиг ийш тийш нь шиднэ. Нэг шураг нь хугарав. Залуурын ард шал согтуу Марк зогсчихсон галзуурсан юм шиг хөхөрнө. Түүнийг солихоор Дебби иртэл англи эр унаад хонгил руу гулсан одов. Ахмад хөдөлгүүрийн хэсэгт ороод таг чиг, мотороо засаж байгаа байх гэсэн чинь ердөө архиа л ууж байжээ. “Түүнийг үнэндээ уснаас айгаад байгааг нь би гэнэт мэдэв. Энэ бол тэнгисийн хөлгийн ахмадын хувьд хамгийн итгэл алдруулсан чанар даа” гэж Дебби хожим дурссан байна.
Мег нэгэнтээ онгоцны тавцан руу хараад зогсож байтал далайн давлагаа ирж цохиод нөгөө талын хана мөргүүлчихэв. Тэгтэл хөлгийн тасарсан татлага хөл, гарыг нь айхавтар шархтуулав. Хөлөг рүү ус юу юугүй цутгаж орж ирээд хэдхэн минут өнгөрөхөд “Трэшмен” доош живж эхэллээ. “Тэр агшинд би хийлсэн завь салгаж аваад нэг л мэдэхэд далайн ус руу орчихсон байв” гэж Брэд ярьжээ. Хөлөг маш хурдан, усны ёроол руу доошилж, хөлгийн багийнхан арай гэж амжиж олслын дохио өгсөн байна.
Хөмөрсөн хийлдэг завиныхаа дор тэд тавуулаа шуурганаас хоргодож байжээ. Тэдэнд ундны ус ч, идэх юм ч, дулаан хувцас ч байсангүй. “Бид бүгд үхэх нь” гэж Марк хашхирав. Ахмад ухаантай байгаа, эсэх нь мэдэгдэхгүй амьтан “Бүх юм дууслаа” хэмээн бувтнана. Аялагчдад учирсан аюул үүгээр дууссангүй, аварга загаснууд завийг олжээ. “Тэд газар сайгүй байлаа. Хаашаа ч харсан хэдэн арав, зуугаараа сүлжилдэх аж. Заримынх нь амьгүй мэт нүд нь харагдахаар тийм ойрхон байсан юм”. Хамгийн аюултай нь “бар” гэгддэг аварга загаснууд байлаа. 3.5 метр урт, тэд далайн гахай, тэнгисийн яст мэлхий, бусад аварга загас, хог новш ер тааралдсан болгоныг залгиж орхино. Тиймээс ийм загасыг “хөвдөг хогийн сав” гэж нэрлэдэг юм. Энэ амьтан гойд үнэрч, хоол болгох амьтан, юмныхаа үнэрийг хэдэн зуун метрийн цаанаас авна. Тэд Мегийн шархнаас гарах цусны үнэрийг хэдийн авчихаад ойртон иржээ.
“Эргэн тойронд бүхюм сүйрчихээд байхад амьд үлдэхийн тулд ухаанаа алдахгүй л байх хэрэгтэй юм билээ” гэж Дебби ярьсан юм. Брэд тэр хоёр л амьд үлдэхийн төлөө ямар нэг байдлаар тэмцсэн аж. Ахмад, Марк хоёр өөрсдөөсөө бусдыг харааж зүхэхээс хэтрэхгүй. Мегийн бие их тааруу байлаа. Түүний цусанд нь халдвар оржээ.
Брэд Кавано
Гурав дахь өдөр нь болоход ахмад, англи эр хоёр тэнгисийн ус залгичихаад солиорч, дэмийрч эхэлсэн байв. Тэдний нэг нь “хулгайлсан тамхиа эргүүлж өг” хэмээн шаардлаа. Нөгөөх нь хийлсэн завины нөхөөсийг ханзлахыг оролджээ. “Түүний нүд юм олж харахгүй, хөдөлгөөнгүй гөлийсөн, биднээс олон сая милийн зайд байна уу гэлтэй. Бие нь хэвийн биш байгаа нь харваас илт. Их даарснаас юм уу тэнгисийн давстай ус ууснаас ч болсон байж мэднэ” гэж Дебби дурссан байдаг.
Дуу шуугүй болчихсон байсан ахмад газар харагдлаа хэмээн хашгираад завьнаас үсрэн бууснаа Фалмут орчихвол машин минь тэнд байгаа гэж хэлжээ. Мег түүнийг буцаж ирэхийг гуйсан ч хайхралгүй сэлсээр харанхуйд бараа нь тасрав. Удалгүй зүрх зүсэм хашгирах дуун сонсогдоод нам гүм болжээ. Ахмадыг аварга загас барьж идсэнээс зайлахгүй. Дараа нь Марк дэлгүүр орж тамхи олж ирье гээд завинаас буув. Брэд түүнийг зогсоох гэж оролдоход тэр англи эр тайвнаар “Би хаачих ч үгүй. Хэдхэн минут энд сууя” гэж хэлэв. Тэрхэн зуур Марк усан дор алга болох нь тэр. Маркийн биеийг тасчиж байсан аварга загаснууд завийг хөмрүүлчих гээд байлаа. Брэд, Дебби, Мег нарзавины ёроолд хэвтэн хэзээ завьгүй болж, задгай усан дотор хаягдахаа хүлээж байв. Аз болоход загаснууд хэсэг хугацаанд ч гэлээ тэднийг сонирхохоо байсан бололтой.
Дөрөв дэх өдөр нь Мег амьсгал хураажээ. Брэд болохоор түүний үхлийг цусанд нь халдвар орсноос болоогүй, амссан зовлон гачлангаасаа шалтгаалж ердөө л амьд явах хүсэлгүй болсон гэж үзэж байлаа. Тэрбээр “Би амиа хорлохгүй байх замыг ухамсартайгаар сонгосон. Үүнээс өөр сонголт надад байгаагүй” гэж ярьжээ.
Ингээд завин дээр Дебби, Бред нар л үлдэв. Мегийг багахан ёслол хийж оршуулаад дараа нь төрөл садангуудад нь өгье хэмээн хувцас, чимэг зүүлтийг нь авч үлдээд цогцсыг нь усанд хаяв. Тэр дороо л аварга загаснууд “найр” хийж эхэлжээ.
Аврагдах горьдлого бараг тасраад байтал тэнгисийн мандал дээр том хөлөг онгоцны бараа харагдлаа шүү. Энэ нь Зөвлөлтийн “Оленегорск” онгоц байв. Бред, Дебби нар гараараа даллах гэж оролдсон ч хоол, ундгүй дөрвөн өдрийн дараа тамир тэнхээ нь тасраад завиныхаа шалан дээр унаад өглөө. Гэлээ ч хөлөг алгуур эргээд ойртож буйг нь тэд харж байв.
Аврагдсан хоёр “Оленегорск” дээр 12 цаг болжээ. Зөвлөлтийн “Тэнгисийн флот” сэтгүүлийн сурвалжлагчийн асуултад хөлгийн эмч Леонид Васильев хариулахдаа “Тэр хоёр бусдын дэмжлэггүйгээр хөдөлж чадахгүй болсон байсан. Хоёул ухаан алдсан, бие, организм нь чийгээ алдаад арьс нь олон газраа язарч шархалсан байсан” гэжээ. “Оленегорск” хөлгийн багийн гишүүдээс цус авч тэдэнд хийсэн байна.
Дебби, Бред нар Умард Каролины эрэг дээр бууж, Зөвлөлтийн хөлөг цааш аялалаа үргэлжлүүлэв. Долоо хоногийн дараа хөлөг Монреальд ирэхэд эмч Васильев Деббигийн эцэг, эх рүү утасдсан байна. “Биднийг гайхшируулж баярлуулсан нь утсаа Дебби өөрөө авч, бие нь сайн, эмч нарын хяналтад байгаа. Бредийн бие ч сайн” гэж хэлсэн. Тэрбээр эцэст нь “Би бүх орос хүнд хайртай” гэж өгүүлсэн юм.
Бэлтгэсэн Р.Жаргалант