“Нүүрсний хулгай” гэх дуулиан дэгдсэнээс хойш шил шилээ дарсан олон үйл явдал өрнөж байна. Сүүлийн өдрүүдэд нийслэлд “Нүүрсний хулгайчдыг ил болгож хариуцлага тооц” гэсэн шаардлага бүхий олны хамарсан жагсаал, цуглаан төв талбайд өрнөх болсон. Эл жагсаал цуглааныг нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болгох гэсэн сонирхолтой хэсэг бүлэг хүн ч гарч ирж буй. Тэгвэл жагсаал, цуглааныг эмх замбараагүй байдалд турхирахыг оролдож байж болзошгүй хүмүүс нь “Нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдож байгаа, ашиг сонирхол нь хөндөгдсөн албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид гэсэн мэдээлэл ч гарах болсон. Энэ талаар тагнуул, цагдаагийн байгууллагынхнаас тодруулахад “Нарийвчлан шалгаж байна. Тийм хүмүүсийн санхүүжилттэй байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байгаа” гэсэн юм.
Энэ дуулиантай холбоотой өөр нэгэн мэдээлэл дуулгахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын байгуулсан, маш нууцад хамаарах хоёр оффтэйк гэрээг тун удахгүй, магадгүй өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн нууцын жагсаалтаас гаргахаар болж буй тухай мэдээлэл хэд хэдэн эх сурвалж бидэнд өглөө. Нүүрсээр төмөр замын төлбөр төлөхтэй холбоотой, уурхайн амнаас худалдах үнээс доогуур ханшаар борлуулах зэрэг заалт багтсан тэдгээр оффтэйк гэрээнүүдийг нийтэд ил болгох боломжтой гэдэг санал тагнуулын байгууллагынхан Засгийн газарт уламжилсан аж.