Орон нутагт болон нийслэлийн зарим газруудад дизель түлш, АИ-92 шатахуун тасарсан, үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл цацагджээ. Тэгвэл одоогоор манай улсад шатахууны хомстол үүсээгүй, нийлүүлэлт хэвийн байгаа талаар албаныхан мэдээллээ. АМГТГ-ын Газрын тосны бүтэгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас энэ талаар тодруулахад "Дизель түлш, АИ-92 шатахуун хомсдоогүй. Өнөөдрийн байдлаар манай улс АИ-92 шатахууны 34 хоногийн нөөцтэй байна. Мөн сүүлийн гурав хоногт хилээр 12 мянган тонн дизель түлш оруулж ирсэн, нөөц хэвийн, үнэ өсөөгүй" гэж мэдээллээ.