Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид өнөө жилийн уран бүтээлийн нээлтээ Монгол орны өргөн уудам газар нутгаас илрүүлсэн палеонтологийн олдвор болох үлэг гүрвэлийн түүхийг харуулсан “Асаж буй толгод” шинэ жүжгээр хийсэн. Эл уран бүтээлээ техникийн дэвшлийг ашиглан 3D хэлбэрээр тавьснаараа онцлог юм. Мөн уран бүтээлийн судалгаа болон сурталчилгааны зургийг Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг хэмээх газарт авчээ. “Асаж буй толгод” 3D бүтээлд одоогийн Монгол орны нутаг дэвсгэрт 60-70 сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлүүдийг дүрсэлсэн аж. Тодруулбал, жүжгийн зохиолч, найруулагч Г.Мишээл Монгол оронд цэрдийн галавын үед амьдарч асан тарбозавр батаар, Нэмэгтозавр, птерозавр, протоцератопс зэрэг олон үлэг гүрвэлийг “амилуулсан” байна. Тэгвэл эл уран бүтээлийг Улаанбаатар хотод толилуулахаар болжээ. “Асаж буй толгод” жүжгийг энэ сарын 6-нд “UB palace”-т тоглоно.
Бэлтгэсэн А.Тайшир