Бэртэх хамгийн их магадлалтай улирал бол өвөл. Тэгээд ч хотын гудамж мөсөн гулгуурын талбай мэт болсон энэ үед халтирсан тохиолдолд зөв унавал гэмтэхээс сэргийлэх боломжтой аж. Үүний талаар олон улсын мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагуудынхны өгсөн зөвлөгөөнүүдээс түүвэрлэн хүргэе.
Урагш нүүрээрээ буюу гэдсээрээ унах бол хамгийн түрүүнд барьж яваа зүйлээ хаях хэрэгтэй. Хөлөө шулуун болгож, гараа тохойгоороо хагас нугалж, хуруунуудаа сарвайлгавал сайн. Хоёр гараараа зэрэг газар тулахыг хичээ. Ингэх нь нэг гар дээр очих ачааллыг багасгадаг аж. Хажуугаараа унах тохиолдолд гараа маш хурдан урдаа авч, алгаар нь доош харуул. Хоёр гараа алгаар нь доош эргүүлэх бөгөөд их биеэс өмнө газар шүргэх ёстой гэж бодон уртааш нь тэнийлгэ. Шуун дээрээ унаж болохгүй. Унаж буй талынхаа хөлийг 90 градус орчим нугалж, энэ талынхаа хөлийн бүхий л гадаргуугаар газарт хүрнэ гэж бодох хэрэгтэй. Эрүүгээ цээжиндээ тулгаж, чихээ нөгөө талын мөр лүү татах маягтай унавал гэмтлээс сэргийлж чадах нь.
Халтирсан үед арагшаа унах нь элбэг. Ийм тохиолдолд маш хурдан хоёр гараа алгыг нь доош харуулсан байдалтайгаар их биеэс 45 градус орчим өнцөг үүсгэн хоёр талдаа авна. Гарын хуруунуудыг нийлүүлж, тэгшилнэ. Эрүүгээ цээжиндээ тулгаж, амаа хаана. Хэлээ хазахгүйн тулд тэр юм. Өвдгөө бага зэрэг нугалж, салгана. Унах явцад өвдгөөрөө нүүрээ цохихоос ингэж хамгаална. Нурууг бага зэрэг бөхийлгөнө. Ийм байдалтайгаар, өөрөөр хэлбэл, зөв унавал гар их биеэс түрүүлж газарт хүрэн, гэмтэж бэртэхээс хамгаална. Аль ч тохиолдолд толгойгоороо унахаас сэргийлэх, хамгаалах хэрэгтэй аж.
Халтиргаатай үед юунаас болж илүүтэй унадаг вэ. Хэт яарч явах нь халтирч унан бэртэх гол шалтгаан болдог байна. Хурдан хурдан алхаж яваа хүн хаана аюултайг харж амждаггүй гэнэ. Мөн гутлаа зөв сонгож өмсөөгүйгээс болж унах нь элбэг. Өсгийний өндөр 3-4 см-ээс хэтрэхгүй, эсвэл зуурамтгай материал бүхий үргэлж ултай гутал өмсөх нь тустай. Харанхуйд явах үедээ урт зам туулах байсан ч гэрэлтэй гудамж сонгож алхах хэрэгтэй. Дөтийг харж харанхуй гудамжаар явбал эрсдэл нэмэгдэнэ. Дэлгүүрийн болон бусад газрын шат өөд өгсөхдөө хажуугийн хашлаганаас заавал барих, мөн хэт халтиргаатай байвал шат бүр дээр хоёр хөлөөрөө гишгэж дээшил. Халтирах үедээ гараараа тэнцвэрээ олдог. Тиймээс гарыг аль болох чөлөөтэй байлгах нь зөв. Эмэгтэйчүүд урт оосортой цүнх барьж явахаас татгалз. Мөн хэт урт хормойтой гадуур хувцас өмсөж явах нь хөл ороогоод унагадаг байна. Халтиргаатай замаар явахдаа утсаар ярих, хүзүүний ороолтоороо оролдох зэргээр анхаарлаа сарниулах хэрэггүй. Автобусны буудал дээр, машин замын хашлагаас хол зогс. Анхаарал, болгоомж хэр сайн байна, тэр хэрээр халтирч унан, бэртэх аюулаас сэргийлж чадах нь.
Бэлтгэсэн Ж.Гэрэл