Гацуур модыг хаана, ямар үнээр худалдаж буйг сонирхлоо. Олны хөлийн газар “Бөмбөгөр” худалдааны төвд үндсэн гурван янзынх байна. Байгалийнх мэт ногоон, усны бөнжгөнөсөн дуслан чимэглэлтэй, 170 см-ийн өндөртэй нь 230 мянган төгрөгийн үнэтэй аж. Мөчрүүд нь бүгд цасан ширхэгт хучигдсан мэт, дотроо гэрэлтэй алтлаг өнгийн байшингууд чимэгтэй гацуур 170, 180 см болон хоёр метрийн гэсэн өндөртэй бөгөөд үнэ нь нь 150, 300, 340 мянган төгрөг аж. Мөн алтлаг шаргал өнгийн гацуур ч байна. Өндөр нь 170, үнэ нь 340 мянга. Үүнийг хүмүүс бөөнөөр ньхудалданавч, сошиал орчинд 570 мянган төгрөгөөр зарж байгаа хэмээн худалдагч нь ярив. Бас тэрбээр “Манайд анх харсан хүмүүс III, IV хорооллын дэлгүүрүүдээр явж судлаад, буцаж ирээд авдаг юм” гэж хэллээ.
Сүүлийн үед цахим худалдаа нэлээд хөгжөөд буй билээ. Иргэд ч цагаа хэмнэх, замын түгжрэлд бухимдахаас сэргийлэхийн тулд интернэтээр бараа, бүтээгдэхүүн худалдан авах нь ихэссэн. Тиймээс цахим орчимд гацуурыг хэдэн төгрөгөөр борлуулж буйг сонирхов. Нийгмийн сүлжээнд “Гацуур худалдаа” гэж бичээд хайвал олон янзаараа гарч ирж байна. Хувь хүнээс гадна аж ахуйн нэгж, байгууллагууд ч гацуур борлуулахаар зар түгээжээ. Үнэ ханш нь ч янз бүр аж. Тухайлбал, Бөхийн өргөөний хойно байрладаг “Millennium plaza” төвийн хоёрдугаар давхарт 150 см-ийн өндөртэйг 130, харин 240 см-ийнхийг 450 мянган төгрөгөөр худалдаж буй тухай мэдлээ. Улсын их дэлгүүр дэх “Номин”-д байгууллагуудад засах зориулалттай гацуур 1-4 сая төгрөгийн үнэтэй байлаа.
Бэлтгэсэн Р.Жаргал