MN арт галерей нь нийгмийн хариуцлагын хүрээнд уран бүтээлчдийг нийтэд таниулах, бүтээлийг нь олонд хүргэх зорилготой. Үүний хүрээнд онцлох уран бүтээлч шалгаруулж, нэг жилийн хугацаанд хамтран ажилладаг билээ. Ингэхдээ хүссэн хугацаандаа, бүтэн нэг сарын турш MN арт галерейд үзэсгэлэн гаргах, галерейн бусад төсөл, хөтөлбөр, сургалт, арга хэмжээг хамтран зохион байгуулах боломжийг тухайн уран бүтээлчид олгодог. Тус галерейгаас онцолсон уран бүтээлч Х.Болороо “She” бие даасан үзэсгэлэнгээ өчигдрөөс олны хүртээл болголоо. Х.Болороо нь гобелен арт төрлөөр уран бүтээлээтуурвидаг бөгөөд энэудаагийн үзэсгэлэнгээрээ “Эмэгтэй хүн бол байгалийн дахин давтагдашгүй бүтээлийн нэгээхэн хэсэг” гэдгийг харуулахыг зорьжээ. Тэрбээр “Эмэгтэй хүн байх сайхан. Гэхдээ тэдний ертөнцийг ойлгох, илэрхийлэх, хүлээн авах нь бие хүнээс шалтгаалан өөр өөр. Учир нь тэдний дотор зөвхөн өөрөө бус, өөр бусад хүн оршин байдаг гэлтэй. Тэдгээр дүрээс өөрийгөө таних тун амаргүй. Нэгэн бодол төрөхөд нөгөө бодол давхар холбогдож, түүнээс улбаалан дараагийн бодлууд хөвөрч, анхны бодол сарнин алга болдог жамтай. Нөгөө тээгүүр, энэ олон сүлжсэн утасны эрчлээ бүрээс цор ганц өөрийгөө хайж, магад өөрийгөө олохын тулд өөр хэн нэгнээр гол дүрээ төлөөлүүлдэг ч байж мэднэ. Заримдаа үүлсийн чөлөөнд зугаалан нисэж, харин зарим үед өчүүхэн хайрцаг олоод түүндээ ороод нуугдчихмаар” гэсэн юм. “She” үзэсгэлэн ирэх сарын 29 хүртэл үргэлжилнэ.
Бэлтгэсэн А.Хангал