Монголын дизайнеруудын холбооноос хувцас загварын тэргүүн дээд наадам “Гоёл”-ыг жил бүр зохион байгуулдаг. Тус наадмыг анх 1988 онд монголчуудад хувцаслах соёлыг түгээх зорилгоор томоохон үйлдвэрүүдийн зохион бүтээх товчоодын дунд зохион байгуулсан түүхтэй. Загвар зохион бүтээгчид ирэх оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ танилцуулдаг эл наадмын үеэр загвар өмсөгчдийн ур чадварыг сорьж, топ моделийг тодруулдаг билээ.
35 дахь удаагийн “Гоёл” наадам энэ сарын 23-25-нд загварын долоо хоногоор эхэлж, өнгөрсөн ням гарагт гала тоглолтоор өндөрлөв. “Монголын шинэ брэндүүд, шинэ дизайнерууд оролцож байгаа нь энэ жилийн наадмын онцлог” гэж зохион байгуулагчид онцолсон. Тодруулбал, “Эвсэг”, “Baby camel” кашмер, “Merrige”, “Dew”, хүүхдийн хувцасны “Амин” брэнд гэхчлэн загвар зохион бүтээх товчоо, үйлдвэр, салоны хувцаснуудыг олны хүртээл болгосон. Өнөө жил “Гоёл”-ын эхний шалгаруулалтад 130 загвар өмсөгч оролцсоноос 60 нь наадмын тайзыг “чимлээ”. Тэд 20 гаруй загварын товчооны загвар зохион бүтээгчдийн өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж төрлөөр урласан шинэ, шилдэг бүтээлийг толилуулсан юм. Мөн өнгөрсөн жилүүдэд топ моделиор шалгарч байсан Н.Сарнай, Т.Халиунаа, Д.Долгион нарын туршлагатай загвар өмсөгч ч наадамд оролцов. Уг наадмын шилдэг загвар зохион бүтээгчээр Б.Батзогсоол, “Эртний Монгол хийц” үндэсний хувцас урлалын О.Уранцэцэг, ирээдүйтэй залуу загвар зохион бүтээгчээр “Урлахуй” брэндийг үүсгэн байгуулагч Ө.Мөнхцэцэг шалгарав. Харин өнөө жил загвар зохион бүтээгч Д.Түвшин агсны нэрэмжит гран при шагналыг олгоогүй юм.
“Гоёл” наадам 2001 оноос топ модель, эрэгтэй, эмэгтэй шилдэг загвар өмсөгч тодруулдаг болсон. Отгон топ моделиор Б.Баярцацрал тодорлоо. Тэрбээр “Гоёл” наадам цар тахлын улмаас хоёр жил өнжиж, энэ онд уламжлал ёсоор амжилттай болж өндөрлөлөө. Эл наадмаар шинэ загвар зохион бүтээгч, хувцас загварын брэнд, залуу загвар өмсөгчдийг гаргаж ирдгээрээ онцлог. Би 14 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн, “Шилмэл загвар” агентлагийн модель. “Гоёл” наадамд 13 дахь жилдээ оролцлоо” гэсэн юм. Шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Д.Ачтай, эмэгтэй загвар өмсөгчөөр М.Нармандах шалгарлаа.
Бэлтгэсэн А.Тайшир