“Натурал грасс ланд” ХХК өнгөрсөн бямба гарагт “Өөхөө тушаая” аян өрнүүлж, малын гаралтай өөх, тосыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болдгийг нийслэлчүүдэд ойлгууллаа. Тус компанийнхан Сонгинохайрхан дүүрэг дэх “Содон” хорооллын гаднах талбайд гурван цаг өдөрлөг зохион байгуулж, иргэдээс 1.1 тонн өөх цуглуулжээ. Тэд кг тутмыг нь 400 төгрөгөөр тооцож авсан бөгөөд мөнгөн дүнд нь дүйцүүлж, Монголд үйлдвэрлэсэн ариун цэврийн цаас, хогийн уут, амны хаалт, салфетка зэрэг ахуйн хэрэглээний барааг түүхий эд нийлүүлэгчдэд өгсөн байна.
“Натурал грасс ланд” нь малын гаралтай бүх төрлийн өөхийг дахин боловсруулж, техникийн тос үйлдвэрлэх чиглэлээр 2019 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тэд өнгөрсөн хугацаанд махны томоохон үйлдвэр, худалдааны төвүүдээр дамжуулан түүхий эдээ авдаг байсан бол цаашид нийслэл, орон нутагт суурин цэг байгуулахаар зорьж буй гэнэ.
“Өөхөө тушаая” аяныг санаачлагч Р.Батнасан “Хүнсний хаягдлын дийлэнх хувийг малын гаралтай өөх, тос эзэлдэг. Айлууд тагт, хөргөгчдөө хадгалж байгаад, муудангуут нь гаргаад хаячихдаг. Үүнийг таслан зогсоох зорилгоор анх удаа ийм аян өрнүүллээ. Тухайн өдөр хүйтэн байсан учраас гуравхан цаг үйл ажиллагаа явуулсан. Иргэд маш идэвхтэй хамрагдаж, 400 гаруй мянган төгрөгийн өөх, тос нийлүүллээ. Нэг тонн өөхнөөс ихдээ 600-700 кг тос гаргаж авдаг. Өөхнийхөө шимэлдгийг гахайн ферм, муур, нохойн хоол үйлдвэрлэдэг газруудад нийлүүлдэг. Манай үйлдвэр хаягдал огт гаргадаггүй” хэмээн ярилаа. Техникийн тос үйлдвэрлэлийн гол түүхий эд болсон малын гаралтай өөх тогтмол нийлүүлэх иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэрбээр хэлэв.