Баянхонгор, Дорноговь, Хов зэрэг аймагт өчигдөр 4 малчин сураггүй алга болсоныг сумын Онцгой байдал, Засаг даргын тамгийн газрынхан олжээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын малчин А /57 настай эрэгтэй/-г албаныхан өчигдөр эсэн мэнд олж, нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байсан тул сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн гэнэ.
Онцгой байдлын ерөнхий газрын хоногийн мэдээ:
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын гуравдугаар багийн Адгийн бууц гэдэг газар тус аймгийн Өргөн сумын харьяат малчин Б нь энэ сарын 27-ны өдрийн 10:00 цагийн орчим мал хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг албаныхан тус өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ар гэрийнхэн малчин Б /41 настай эрэгтэй/-г энэ сарын 28-ны өдрийн 10:00 цагт гэрээс нь баруун урд зүгт 10 км-т, “Туулайн тал” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын малчин А энэ сарын 27-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг албаныхан энэ сарын 28-ны өдөр 03.57 цагт хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин А /57 настай эрэгтэй/-г өчигдөр 11:10 цагт гэрээс нь урд зүгт 13 км-т, “Таван худаг” гэдэг газраас эсэн мэнд олж, нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байсан тул сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн байна.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат малчин Ж энэ 27-ны өдрийн 21:00 цагийн орчим Бууцагаан сумаас автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг албаныхан өчигдөр 15:12 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин Ж /50 настай, эрэгтэй/-ыг мөн өдрийн 23:34 цагт сумын төвөөс зүүн урд зүгт 37 км-т, “Олон-Овоо” гэдэг газар автомашин нь цасанд суусан, бага зэргийн осголттой байсныг олж сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн гэнэ.
Ховд аймгийн Алтай сумын хоёр иргэн автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг албаныхан өчигдөр 17:25 цагт хүлээн авсан байна. Тус сумын Тахилт багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Э /50 настай, эрэгтэй/, Д /52 настай, эмэгтэй/ нарыг 11.28-ны өдрийн 21:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:50 цагт автомашин нь цасанд сууж эвдэрсэн байсныг олж автомашиныг үлдээн 2 иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т Малчин М нь 11.28-ны өдрийн 13:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 21:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин М /40 настай, эрэгтэй/-ыг 11.28-ны өдрийн 21:50 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.29-ний өдрийн 00:18 цагт гэрээс нь зүүн урд зүгт 10 км-т, “Тээгийн-Ар” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.