“Дурсаж яваарай” анхны бүтээлээрээ олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон найруулагч бол Э.Ган-Очир. Тэрбээр удаах “Дасгалжуулагч” бүтээлээрээ 14 дэх удаагийн “Улаанбаатар” наадмаас киноны шилдэг зохиолын шагнал хүртсэн юм. Эл киног тус наадмын үеэр анхлан үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл өнөөдрөөс бүх кинотеатраар гаргахаар болжээ. Э.Ган-Очир “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд ойлгуулах зорилготой кино зохиол бичиж эхлэхийнхээ өмнө судалгаа хийж, олон хүнтэй уулзаж явахдаа нэгэн түүх сонссон юм. “Гэр хорооллын гудамжинд хэсэг жаал өдөр бүр сагсан бөмбөг тоглодог.
Тэдний дунд тэргэнцэртэй нэг хүү бий. Бусдыгаа хичээлдээ явсан хойгуур өнөө хүү ганцаараа хашааныхаа гадна тэднийг тарж ирэхийг хүлээгээд суудаг” гэж. Энэ түүхийг өөрийнхөө бага насны дурсамжуудаар баяжуулж, Б.Наминчимэд ахын охин Н.Майдартай хамтран бичсэн. Ингэхдээл киноны гол дүр болох хүүгийн ээжийн дүрд жүжигчин Р.Анхням эгчийг төсөөлж, зориулж бичсэн. Нэгэнт нийгэм рүү хандсан сэдэвтэй кино учраас хүчтэй, чадвартай жүжигчин л тоглох хэрэгтэй. Мөн “Дурсаж яваарай” киноны гол дүрд тоглосон Б.Бат-Ууган дүүгээ дахин энэ уран бүтээлдээ тоглуулсан” гэв.